ТӨВ: Нутгийн удирдлагын ордны шинэ барилгыг ашиглалтад оруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Дэлгэрхаан суманд Нутгийн удирдлагын ордны шинэ барилгыг энэ сарын 3-нд ашиглалтад орууллаа. Уг барилгыг орон нутгийн төсвийн 1.7 тэрбум төгрөгөөр "Төв Төгөл" ХХК барьжээ.
Дэлгэрхаан сумын Засаг дарга Д.Жаргалмаа, "Нутгийн удирдлагын ордны барилга нийт 625 м.кв хэмжээтэй 2 давхар. Өмнө нь ашиглаж байсан байр ашиглах боломжгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан тул уг барилгыг шинэчлэх шаардлага үүсэж, барилгын шавыг анх 2022 оны 10 дугаар сард тавьж эхлүүлж байв. Энэхүү барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьсан гэдгээрээ онцлог.
Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, сум орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг ая тухтай таатай орчинд үзүүлэх боломж бүрдсэнд маш их баяртай байна” гэв.