Францын цэргийн баазууд байрлаж буй Африкийн орнуудыг хариуцсан тусгай төлөөлөгчийг томилов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-06 16:29:14

ПАРИС, 2024 оны хоёрдугаар сарын 6 /RFI/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын цэргийн баазууд байрласаар байгаа Жибути улсаас бусад Африкийн орнуудыг хариуцсан тусгай төлөөлөгчөөр Төрийн нарийн бичгийн дарга асан Жан-Мари Бокелыг томиллоо. 


Тэрбээр "Африк дахь Францын баазуудын статус, бүтэц, үүрэг даалгаврыг өөрчлөх" үүрэг хүлээсэн байна. Энэ нь Африк тив дэх цэргийн стратегийг өөрчлөх тухай Э.Макроны зарласан төлөвлөгөөтэй холбоотой юм. Францын эрх баригчид Чад, Кот-д’Ивуар, Сенегал, Габонд үзүүлэх “цэргийн дэмжлэг”-ээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэхдээ “шинэ зарчмаар” дэмжинэ. Францын бааз АНУ, Хятадын баазуудын хажууд байрладаг Жибути улсад үйл ажиллагааны хуучин хэлбэрийг хэвээр үлдээх ажээ. 


Жан-Мари Бокел Страсбургийн их сургуулийн Хууль зүй, улс төр, менежментийн факультетэд эрх зүйч мэргэжлээр суралцжээ. 1973 онд Социалист намд элссэнээр улс төрчийн замналаа эхлүүлсэн байна. 1984-1986 онд Худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын албыг (нэг сар Худалдаа, үйлдвэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан) хашсан бөгөөд 2002 он хүртэл Францын Үндэсний ассамблейн (парламентын доод танхим) гишүүнээр гурван удаа сонгогджээ. 


Харин Николя Саркози Ерөнхийлөгч байх үед 2007 оны зургаадугаар сараас 2008 оны гуравдугаар сар хүртэл Хамтын ажиллагаа ба франц хэлээр ярьдаг улсуудыг хариуцсан Төрийн нарийн бичгийн даргаар 9 сар ажиллаж байсан нь хэвлэлийнхний анхаарлыг татсан байна. 



Related news