ОРХОН: Орхон аймгийн дахин төлөвлөлт хөгжлийн шинэ үеийг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-14 15:54:16
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/ Монгол Улсын төсвийн орлогын 7,5 хувь, нийт экспортын 10 хувийг дангаараа бүрдүүлдэг Эрдэнэт хотыг байгуулаад 46 жил болж байна.


Энэ хотыг байгуулахад ЗХУ-ын зураг төслийн 40 гаруй институт оролцсон гэдэг. Хотыг анх төлөвлөхдөө 30 мянган хүн амтай байхаар тооцсон ч нийгэм, эдийн засгийн давуу байдлаас улбаалж өдгөө 107 мянган хүн амтай болтлоо өргөжсөн.


Тиймээс Орос-Монголын найрамдлаар боссон хот цаашид хэрхэн хөгжих, яаж өргөжих, хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах нь орон нутгийн удирдлагуудын бодлого, шийдвэр, санаачилгаас ихээхэн шалтгаална. Иймд тулгамдаж буй асуудлаа эрэмбэлж түүнийг шийдвэрлэх аргачлалыг боловсруулж, хэрэгжүүлэхэд тэд хамтрагч түншээ сонгож эхэлсэн байна.


Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хот “Аж үйлдвэрийн парк”  байгуулж, хойд бүсийн /Орхон, Булган, Хөвсгөл/ эдийн засгийн гол төв болох зорилтоо хэрэгжүүлэхийн тулд БНСУ-ын “BK Holding’s” групптэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тэднийг төлөөлж Эрдэнэт хотод ажиллах “BK Mongolia” ХХК-ийг өнгөрсөн онд байгуулжээ.


Энэ ажлын хүрээнд “BK Holding’s” группийн урилгаар энэ сарын 2-8-ны өдөр хүртэл УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ХББЗА-ны дарга П.Баясгалан нар БНСУ-д албан айлчлал хийлээ.




Эрдэнэт хот “BK Holding’s” групптэй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж үйдвэрийн парк байгуулах, орон сууцны хороолол барих, хотын дахин төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, ухаалаг хот байгуулахад хамтарна. Иймд “BK Holding’s” группийн нэгдэлд багтдаг хот төлөвлөлтийн зураг төсөл боловсруулдаг M.A.P группийн удирдлагуудтай уулзсан байна. 


M.A.P групп Орхон аймагтай 2023 оны 5, 9 дүгээр сард гэрээ байгуулж “Смарт хот”-ын ТЭЗҮ боловсруулах, орон сууцны төсөлд хөрөнгө оруулахаар тохиролцсон. Нийт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Энэ асуудлыг дахин хэлэлцэж цаашид тогтвортой байдлын гэрээ байгуулж, хууль, эрх зүйн хувьд тогтвортой ажиллах талаар хоёр тал санал солилцов.


Мөн БНСУ нь дагуул хот, ухаалаг хот, ногоон хот байгуулсан туршлагаасаа хуваалцах юм. Орхон аймаг цаашид Жаргалант сумаа хөгжүүлж, шинэ суурьшлын бүс байгуулах хэтийн зорилготой. Мөн Сархиа уулын энгэрт 30 га газарт “Аж үйлдвэрийн парк” байгуулахаар төлөвлөсөн тул үсрэнгүй хөгжсөн улсын түүх, туршлагыг өөрийн хотын онцлог, соёлд тохируулан хамтрах нь Орхон аймгийн зорилго юм.


Тус групп Эрдэнэт хотод дахин төлөвлөлтөд багтсан Найрамдал багийн 49-53 дугаар гудамжны 11,9 га газарт орон сууцны хотхоны төлөвлөлт, барилгын зураг төслийг гүйцэтгэх юм. Ингэхдээ залуучуудад чиглэсэн үйлчилгээг онцолж тэдний амьдралын хэв маягт тохируулж төлөвлөх гэнэ.


БНСУ нь үсрэнгүй хөгжихдөө эхлээд хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлж дараа нь хүнд үйлдвэр буюу аж үйлдвэрлэлээ хөгжүүлсэн түүхтэй. Нэхмэл, даавуун үйлдвэр, газар тариалангийн салбараасаа ган, автомашин, хагас дамжуулагч, усан онгоц үйлдвэрлэж байж дэлхийд эдийн засгийн чадамжаараа эхний наймд, Азид эхний гуравт бичигдэж байна. Энэ өөрчлөлтийг дэлхий нийт “Хан мөрний эрэг дэх ид шид” хэмээн онцолдог. Тиймээс тэдний туршлага, ноухаугаас Эрдэнэтийнхэн суралцаж, хөгжлийн төлөвлөгөөг хамтдаа зурж эхэллээ. Дараагийн 40 жилийн түүх эндээс эхэлж байна.  



Related news