Монголчуудын бахархал Морин хуур найрал хөгжим

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
uranatuya@gmail.com
2024-02-15 14:16:00

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Морин хуурын чуулга Морин хуур найрал хөгжим болон өргөжлөө. 2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгч монгол айл гэр, албан байгууллага бүхэн хоймортоо морин хуураа залж, дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гаргасан. Энэ зарлигийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүллээ. Энэ цагаас эхлэн Морин хуурын чуулга Морин хуур найрал хөгжим хэмээгдэх боллоо.

Морин хуур бол монголчуудын хувьд хөгжмийн дээд бэлгэ тэмдэг нь. Монголчууд морин хуур эгшиглэсэн газар мянган бурхан заларсантай тэнцэх буян хурдаг гэж сүсэлдэг учир морин хуурандаа хадаг зангидан, бурхан шүтээнийхээ нэгэн адил хамгийн хүндтэй газраа эрхэмлэж нандигнан залдаг билээ.

Монголын ард түмний дунд хөгжиж ирсэн морин хуур хөгжим өнөө цагт орчин үеийн тайзны урлаг болтлоо хөгжөөд буй билээ. Нэг үгээр хэлбэл, хувь хүмүүсээс илүүтэй мэргэжлийн хөгжимчид морин хуур тоглох үзэгдэл өнөөдөр давамгай болсон. Ялангуяа, 1990 оноос хойш маш эрчимтэй хөгжиж байна. Ийн хөгжихөд Морин хуур найрал хөгжим болон өргөжөөд буй Морин хуурын чуулгын гүйцэтгэсэн үүрэг их. Монгол Улсад 1992 онд Морин хуурын чуулга байгуулагдан Монголын ардын урлагийг дэлхийн түвшинд гаргаж, үндэсний бахархал болсон морин хуур хөгжмөө дэлхийд танигдсан хөгжим болгон, хосгүй эгшиг аялгууг нь даян дэлхийг тойрон хүн төрөлхтөнд гайхуулан харуулж, түгээж сурталчилж яваа билээ. Гуч гаруй жилийн хугацаанд үндэсний уламжлалт бүтээлүүдээс гадна өрнийн болоод дорно дахины сэтгэлгээний онцлог шингэсэн баялаг урын сантай, давхардсан тоогоор дотооддоо бүрэн хэмжээний 5000 гаруй, дэлхийн 30-аад орны тайзнаа 600 гаруй тоглолт хийсний дээр олон арван нэр хүндтэй уран бүтээлчтэй хамтран бүтээл туурвисан байна.


Хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, алдарт морин хуурч Ц.Батчулуун анх Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулсан түүхтэй. Тэрбээр морин хуур хөгжмийн орчин цагийн түүхийг бичилцсэн, морин хуурын сургалтыг мэргэжлийн түвшинд хүргэсэн гавьяатан, 20-р зууны Монголын нэрт хөгжимчин, монголчуудын дунд домог мэт яригддаг Г.Жамъян хуурчийн гарын шавь юм.  Ц.Батчулуун агсны эрхэм нөхөр, нэрт хөгжмийн зохиолч Н. Жанцанноров орчин цагт европ маягийн чуулгыг үндэсний хөгжим дээрээ суурилан байгуулахад хувь нэмрээ оруулсан төдийгүй, түүний нийт уран бүтээлийн 90 гаруй хувийг энэ чуулгад зориулсан бүтээл эзэлдэг гэдэг билээ. Мөн Б.Шарав, Ц.Нацагдорж зэрэг нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг голлон эгшиглүүлэхийн зэрэгцээ дэлхийн сонгодгуудыг ч гарамгай тоглодог, өндөр түвшинд бэлтгэгдсэн найрал хөгжим.



Монгол төрийн хүндэтгэлийн том ёслолд морин хуур эгшиглэж байж сая бүтэн болдог гэхэд болно. Төрийн хэмжээний айлчлал, гадаад дахь томоохон тоглолтуудад Морин хуурын чуулгаа авч явахыг ихэд эрхэмлэдэг нь Монгол хэмээн ялгарах гол зүйл гарцаагүй мөн гэдгийг илтгэнэ.


Монголын үндэсний урлаг, өв соёлыг хүн төрөлхтөнд таниулж яваа Морин хуур найрал хөгжим, АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони,  ОХУ-ын Большой театр, өмнөд хөршийн “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Мариинский театр, Японы Токио хотын “NHK Hall” болон Австралийн Сидней дуурийн театр зэрэг дэлхийн алдартай театруудад Морин хуурын эгшгээ хүргэсэн байдаг.




2023 онд, Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиглаж, Морин хуурын чуулгад Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээсэн билээ. Хүн төрөлхтний соёлын биет бус өв, Монгол үндэстний бахархал болсон Морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг  өргөн, өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсныг нь ийнхүү Монголын төр үнэлсэн юм.

 

Монголчуудын бэлгэдэл ба Морин хуур


Монгол түмний соёлын чухал өв болсон морин хуурыг дээдлэн төрийн хан хуур бүтээж төрийн өргөөнд залсугай хэмээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчин зарлигаар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд хэмжээ юуг нь нарийн тогтоож заасны дагуу сүрлэг том морин хуурыг урлаж байрлуулсан байдаг. Төрийн хан хуурчийг мэргэжлийн байгууллагаас санал авч, тодорхой шалгууртайгаар сонгох бөгөөд зөвхөн тэр хуурч л төрийн хан хуурыг татаж үндэсний уламжлалт аялгууг эгшиглүүлэх журамтай. 


Тэртээх 13-р зуунд ч мөн Монголын эзэнт гүрнийг байгуулсан Эзэн Богд Чингис хаан төрийн өргөөндөө морин хуур залж, төрийн ёслол, хүндэтгэл найр цэнгээнийг морин хуур хөгжмөөр нээн эхлүүлдэг байсан байна. Эндээс үзэхүл энэхүү хөгжмийг ямар өндөр зэрэгт тавьдаг байсан нь тодорхой ба өдгөө ч морин хуурыг хүндэтгэх дэг ёс алдагдаагүй яваа юм. Ерөөс морин хуур хөгжмийн үнэ цэн, утга холбоос, монгол түмэнд хэзээ ямагт чухал билээ. Монголчууд мандаж буурахын аль ч цагтаа үндэсний бахархалт энэ хөгжмийнхөө язгуур мөн чанарыг нь гээлгүй, хамгийн эрхэм зүйлсийнхээ нэгд ямагт багтаасаар ирсэн байдаг.


Морин хуурын үүсэл гарлын тухай янз бүрийн домог үлгэр бий. Тэдгээрийн гол санаа нь хүн, морь хоёрын харилцаа, монгол хүний морио дээдлэн хайрладаг сэтгэлгээтэй холбогддог юм. Тийнхүү эрхэмлэн хайрладаг мориндоо зориулан хөгжмийн зэмсэг бүтээсэн нь морин хуур билээ. Монголчуудын эртнээс эдүгээг хүртэлх бүхий л түүх морьтой холбоотой байсан гэхэд хилсдэхгүй. 

Mонголчуудын хүчирхэгжин мандаж асан 13-р зуунд армийн гол хүч нь цэргийн гарамгай ухаанаас гадна монгол морины чадал байв.  Монголчууд морийг зөвхөн уналга, эдэлгээндээ ашигладаггүй, харин хүний үнэнч сайн нөхөр, ухаант амьтан, адгуусан амьтны дээд төрөл хэмээн үздэгийн учир хамгийн нандин энэ хөгжмийн зэмсгийнхээ оройн дээд хэсэгт морин толгой сийлж урлан, морин хуур хэмээн хүндэтгэн нэрлэсэн байдаг юм. 


Хуур морин толгойт болохоос өмнө нь хуурын орой хэсэгт хун, арслан, матар, луу толгой урладаг байсан. Хөгжлийн олон үеийг туулж явсаар 20-р зууны дундуур морин толгой нь давамгайлж ирсэн байна. Эрт дээр үеэс монголчууд морины ясан толгойгоор хуур хийж морины сүүлээр хялгаслан хуурдан тоглодог байжээ. Эртний хаант гүрэн Хүннүгийн үе болон магад түүнээс ч өмнө үүссэн хэмээн таамагладаг морин хуур нь монголчуудын дуу хуур, бүжиг наадамд голлох хөгжмийн зэмсэг байсаар өнөө бидэнд өвлөгдөн ирсэн юм.


Монгол айл бүр гэртээ морин хууртай байхыг эрхэмлэх бөгөөд эр хүн хэрэв хууртай айлд зочлон орвол хуурыг нь дуугаргаж ажил үйлс бүтэмжтэй байхыг бэлгэдэн ерөөдөг заншил ч байсан. Энэ заншил хэдий бүдгэрсэн ч  монголчуудын оюун сэтгэлгээний чинадын чинадад бэлгэдэн хүндэтгэхийн эрхэм чанар ямагт хадгалаатай явдаг. Монголчуудыг нэн эртний оюуны соёлтой ард түмэн гэдгийг нотлох нэгэн баримт нь энэ хөгжим. Үндэсний бахархал гэж хэлж болох энэ хөгжимдөө монголчууд үндэстнийхээ онцлогийг цагийн цагт шингээн хадгалахыг эрмэлзэж ирсэн бөгөөд орчин цагт улам уран гоёмсог болгон монгол хээ угалз сийлэн чимэглэх болсон юм. Морин хуурын чавхдасыг амьд адууны сүүлнээс туг тугаар нь сугалан авч нарийн бүдүүн ширхгээр нь нийцүүлэн хийнэ. Хийц маяг нь онцгой содон бөгөөд хуурыг урлан бүтээх, тоглох арга барил нь гойд. Сайн хуурдаж сурахын тулд төрөлх билэг авьяасаас гадна багагүй хугацаа, нөр их хөдөлмөр, тэвчээр шаарддаг ажээ.  


Морин хуурын ая эгшиг сонсголонтой сайхан бөгөөд утсан хөгжмүүдийн дотроос өөрийн гэсэн давтагдашгүй эгшгээрээ гойд ялгарна. Гайхалтай нарийн ураар бүтээсэн хөгжмөөс тийм ч хүчтэй чанга бус атлаа ер бусын, хүний сэтгэл зүрхний хөгийг алдууртал эгшиглэх дуун гарах авай. Түүнээс гарах эгшиг дуунд монгол газар төрсөн хэний ч болов дотор сэтгэлийг долгилуулж,  нутаг орноо,  санасан сэтгэлийг нь огшоон хөвсөлзүүлж чадах ид шид, увдис хүч байх бөлгөө. Морин хуурын эгшиглэн хийгээд монгол хүний сэтгэлийн зохирол холбоог тайлж уншихад тун бэрхтэй. Энэ хөгжим өөрөө монгол хүний оюун сэтгэлгээний цөмтэй ямар нэгэн нарийн сэжмээр бат нягт холбогддог байх ч гэлтэй. Морин хуурын хөг эгшиг нь монгол ардын урт богино дуу, монгол үндэсний бүжигтэйгээ шүтэн барилдлагатай мэт гойд найрсан зохицдог. Тийм ч учраас морин хуур үгүйсэн бол монгол ардын бүжиг, дуу ч үгүй байх буй заа хэмээдэг юм.


Монголчууд эрт дээр үеэсээ дуу хуурын маш баян уламжлалтай бөгөөд нутаг нутгийн онцлог, ёс заншлаас шалтгаалан олон янзын хуурыг урлан бүтээж ирсэн байдаг. Харин орчин цагийн хөгжим урлаачид язгуур хэв маягийг нь хөндөж эвдэлгүйгээр ширэн царыг нь модон цартай болгон нэг стандарт хэмжээг тогтоон жинхэнэ мэргэжлийн хөгжим болгож чадсан юм.


Хуучин цагт морин хуурын царыг малын ширээр урладаг байсан нь дууны хэмжээ нэлээд дор, мөн зөвхөн Монголын өвөрмөц цаг агаарт тохирдог учир дэлхийн улс түмнүүдэд хуурын эгшиглэнг хүргэхэд яахын аргагүй шинэчлэл хэрэгтэй байсны учир морин хуурыг шинэчлэх арга зам хайж эхэлсэн байна. Ингээд 1960-аад оноос Оросын мэргэжилтний тусламжтайгаар уламжлалт хөгжмийн зэмсгээ модон цартай болгож бүтээсэн юм.  Морин хуурын шинэчлэлийг хийж модон цартай болгосноор дуу нь сайжирч, цаг агаарын бэрхшээлийг давах чадвартай болжээ. Ийнхүү хөгжмийн зэмсгийн мастерууд уламжлалт морин хууранд ялимгүй өөрчлөлт оруулж, уянгалаг сайхан хөгийг нь хадгалан дууны цар хүрээг дээшлүүлэн нэмснээр тайзан дээр ч, хөдөө талд ч хөгжимдөхөд илүү тод яруу болсон билээ. Мөн морин хуур хөгжмийн хөг эгшгийг зөвхөн монгол дуунд биш гадны бүтээлүүдийг ч тоглож болохоор болгон хөгжүүлээд байгаа юм.

 

2003 онд ЮНЕСКО морин хуурыг “Хүн төрөлхтний бүтээсэн биет бус оюуны соёлын өв” хэмээн өргөмжлөн тунхагласан.

Монгол орныхоо байгаль, цаг уур, орчинд төгс тохируулан бүтээсэн энэ хөгжмийнхөө гайхамшгийг монголчууд хүн төрөлхтөнд хүргэх үүрэгтэй хүмүүс хэмээн нэрт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров нэгэнтээ өгүүлсэн. Яг энэ л үүргийг үүрч яваа хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд бий. Өнөөдөр өөр өөрийн өнгө аяс бүхий морин хуур хөгжмийн хамтлаг, уран бүтээлчид олон. Мөн дэлхийн олон оронд амьдарч байгаа монголчууд үндэсний бахархал болсон гайхамшигт хөгжмөө сурган, сурталчилж явна. Морин хуураар дэлхийн хөгжмийн сонгодгууд болон ер ямар ч бүтээлийг тоглож болдог, хөрвөх чадвартай хөгжим учир Японд маш их  дэлгэрсэн, сүүлийн жилүүдэд АНУ-д хүчтэй дэлгэрч байгаа.

Урлаг хэмээгч нь хүн төрөлхтний бүтээсэн гайхамшиг. Тэр гайхамшиг дундаас торойх тод нэг бүтээл нь монголчуудын бүтээсэн морин хуур хөгжим. Монголчуудын гүн сэтгэлгээ энэ хөгжмийн эгшиг аялгуунд нэвт шингэсэн байдаг.

Морин хуурыг зөвхөн баяр наадам, дуу аялгуунд ч бус  мал аж ахуйн холбогдолтой олон зан үйлд эгшиглүүлдэг уламжлалтай. Нэг ёсондоо монгол угсаатны соёл, зан заншил, ёс уламжлалыг өөртөө шингээсэн тун сонирхолтой хөгжим. Морин хуурын ая айзамд аливаа амьд бодгалийн дотоод мөн чанарт нэвтэрч чаддаг ер бусын увдис оршиж байдаг.  Морин хуурын дуу эгшиг адгуус амьтныг хүртэл уяраан хайлуулах хүчтэй. Өнчирсөн ботгыг шинэ эхэд авахуулахын тулд хуурын аялгууг сонсгон уярааж эх үрийн холбоо үүсгэдэг зан үйлийг малчин монголчууд одоо ч өргөн хийдэг.

 

Энэ дэлхийд түмэн янзын хөгжмийн зэмсэг бий ч тэдгээрээс бидний өвөг дээдсийн бүтээн үлдээсэн морин хуур, хэлбэр янз, түүхийн сурвалжит байдал хийгээд эгшиглэнтэй содон хөг дуугаралтаараа бусад чавхдаст хөгжмөөс онц их ялгардаг.

Рок хөгжимд ч хоршиж зохирдог, өвөрмөц дуугаралт нь магад хөгжмийн энэ урсгалын эх суурь нь ч юм шиг гэх нь бий. Шинэ цагийн хүмүүсийн эрж хайсан хөг аялгуу бүхнийг морин хуур хөгжим эгшиглүүлэх хүч увдистай, асар чадварлаг хөгжим хэмээн бишрэх нь олонтаа. Зөвхөн монголчууд л өөрийн бүтээсэн энэ хөгжмөө сонсож сэтгэл хөвөлзүүлдэг гэвэл бас үгүй. Ерөөс хуурын аялгуу сонссон хэн бүхний сэтгэлийн гүнд орших эмзэг нарийн утсыг энэ хөгжмийн хоёрхон чавхдас хөндөн долгисуулах асар их шидтэй билээ.

 

 

 

Related news