АРХАНГАЙ: Анхны мянгат саальчин В.Самбуу улсын аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-15 16:00:14

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн саальчин Вандангийн Самбуу улсын аварга саальчин болсныг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нарын хүмүүс модон луу жилийн босгон дээр гардуулсан.


Архангай аймгийн Чулуут сумын малчин, Нэгдлийн анхны мянгат саальчин В.Самбуу малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, эдийн засгийн чанар үзүүлэлтээ өсгөж, араасаа олон залуу малчин эмэгтэйг сурган, үлгэр дуурайл болж яваа амжилтаараа Монгол Улсын аварга саальчин болзлыг ийнхүү хангажээ.


В.Самбуу гуай 1956 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул бригадын Агтын эрэл гэдэг газар төрж өсжээ. 1971 онд 7-р ангиа төгсөж, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн анхны илгээлтээр малчин-саальчин болж, 1972 онд 16 насандаа 15 үнээ хүлээн авч, ажлын гараагаа эхэлсэн байна.


1972-1976 он хүртэл жил бүр 15 үнээнээс 15 тугал авч, сүүний төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, мөн 120 хониноос 120 хурга бойжуулж, 1976 онд 18 насандаа бүх үзүүлэлтээ давуулан биелүүлж, аймгийн “Аварга малчин” болж, аварга малчны тууз 1000 /тухайн үеийн/ төгрөгөөр шагнуулж байжээ.  


1978 онд аймгийн хөдөө аж ахуйн “1-р зэргийн саальчин” болж, сумандаа анх удаа Ихнуурын хөвөөнд “Малчин залуучуудын хороолол”-ыг үндэслэн байгуулж, суурь тавих ажилд МАХН-ын Төв хорооны товчооны гишүүн Н.Жагварал сайд оролцож байжээ.

 

В.Самбуу нь 1979 онд 15 үнээнээс 15 тугап бойжуулан нэг үнээнээс 1015 л сүү сааж, нэгдлийн анхны “Мянгат саальчин” болж, Нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жил, Нэгдэлчдийн 5-р хуралд төлөөлөгчөөр сонгогдож, ХАА-н дээд зөвлөлийн 2000 /тухайн үеийн/ төгрөгийн болзол хангаж байв.


Мөн Архангай аймгийн ТМС-ийн сүүний ангийн 21 хүүхдийг авч сурган хүмүүжүүлэгчээр ажиллаж, мал маллах арга ухааныг зааж сургасан байна. 1984-1987 он хүртэл тугалаа бүрэн бойжуулж, сүүний төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, сумын депатут, сумын намын хорооны товчооны гишүүнээр сонгогдож байжээ.

Related news