ТӨВ: Аймгийн Онцгой комисс Эрдэнэсант суманд өргөтгөсөн хурал зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-21 11:41:02

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүд, ажлын баг, аймгийн Онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн Эрдэнэсант суманд өргөтгөсөн хурал зохион байгуулж байна.


Төв аймгийн хэмжээнд зарим газраар цасны зузаан 15-30 см хүрч, 100 мянган мал хорогджээ. Үүнээс Эрдэнэсант сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 630 өрхийн 22425 толгой мал хорогдоод байна.

 


Хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргажээ.

 

1.Цасанд боогдсон малчин өрхүүд рүү зам гаргахад шаардлагатай 5 тонн түлшийг яаралтай нийлүүлэхээр болсон байна. Өнгөрсөн 11 дүгээр сараас хойш аймгийн Онцгой комиссоос тус сумын нутаг дэвсгэрт 1300-1500 км хүртэлх замыг олон дахин гаргасан боловч цаг агаарын аюулт үзэгдлээс шалтгаалан хаагдсаар байгаа юм.

 

2. Зудын эрсдэлт үеийг дуустал цаг агаарын онцгой нөхцөлд ажиллах хүчин чадал өндөртэй ковш машиныг жолоочийн хамт байрлуулж ажиллуулахаар болжээ.

 

3. Мөн 800 боодол ногоон тэжээл, 80 тонн хивэг, тэжээл олгохоор болов.

 

4. Сумын Онцгой комисст туулах чадвар сайтай автомашиныг тус тус шийдвэрлэлээ.

 


Монгол Улсын Засгийн газрын 286 тоот тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд тус аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Заамар сум зузаан цастай учраас цагаан зудын нөхцөл байдал үүссэн. Мөн Баянчандмань, Баян, Баянцагаан, Цээл, Аргалант, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Эрдэнэ сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.



Related news