ХӨВСГӨЛ: М.Хуягбаатар: Энэ жил мөсөн хотхоноос бусад бүх үйлчилгээ, тээврийн хэрэгслийг хуурай газарт байршуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-01 10:14:28

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2024” мөсний баяр маргааш эхэлнэ.


Мөсний баярыг зохион байгуулах ажлын багийн дарга, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатараас бэлтгэл ажлын талаар тодрууллаа.


-    -“Хөх сувд-2024” мөсний баярын бэлтгэл хэр хангагдсан бэ? Энэ жилийн онцлогийн талаар тодруулна уу?

-   -Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баярыг энэ жил 22 дахь жилдээ зохион байгуулахад бэлэн боллоо.

      Бид зорин ирж буй, аялагч гадаад, дотоодын иргэдээ аль болох аюулгүй, тохь тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх тал дээр онцгой анхаарч, бэлтгэлийг бүрэн хангалаа.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж монголчуудад тэр дундаа Хөвсгөлийнхөнд байна.

Иймээс олон улсад сурталчлан таниулах тал дээр энэ жил анхаарч, мөсний баярыг Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж байна.

Монгол хоолны соёлоо дэлхий дахинд сурталчилж буй Артгэр, Bambuu гээд олны танил хүмүүс ирж хоолны шоу үзүүлбэр гээд олон шинэлэг үйл ажиллагаа болно.


-     -Аялагчдын хамгийн их сонирхдог зүйл бол мөсөн хотхон шүү дээ. Ямар хүмүүс урлаж байна.

-    -Жил бүрийн мөсний баярын мөсөн хотхон тус баярын чимэг байдаг. Өмнөх жилүүдэд орон нутгийн зураач, гар урчууд маань мөсөн баримлыг хийдэг байсан.

      Харин энэ жил олон улсын наадамд амжилттай оролцож байсан 24 урлаач мөсөн баримал хийж байна.

Э Энэ жил урлаачдад ямар нэгэн сэдэв өгөөгүй бөгөөд чөлөөт сэдвийн хүрээнд хийсэн бүтээлүүдээс шилдгүүдийг шалгаруулна. Хэн ямар гайхалтай бүтээл урласныг маргааш хамтдаа харж, үзэж тодруулах болно.

 

-Мөсний баярыг зарим иргэн Хөвсгөл нуурыг бохирдуулж байна гэж шүүмжлэлттэй хандаж байна?

-   -Тийм ээ. Хөвсгөл нуураа цэвэр тунгалгаар нь байлгах гэсэн сайхан сэтгэлтэй олон хүмүүс бий. Гэхдээ санаатайгаар илт буруу мэдээлэл тараадаг ч хүн байна.

-    Бид энэ жил мөсөн хотхоноос бусад бүх үйлчилгээ, тээврийн хэрэгслийг хуурай газарт байршуулж байна. Далай ээжээ зорин ирж буй хүн бүр, аялагч бүрийг хоггүй аялаад буцна гэдэгт итгэлтэй байна.

      Сүүлийн жилүүдэд иргэд их ухамсартай, бие биедээ шаардлага тавьдаг соёлтой аялдаг болсон шүү дээ.


-     -Мөсний зузаан өмнөх жилүүдтэй харьцуулахад хэр байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар?

-    -Энэ жил Хөвсгөл нуурын мөс сайн хөлдсөн. Нуурын мөс 110 см, мөсөн хотхон байгуулж байгаа газарт 130-145 см байгаа нь өмнөх жилүүдээс 5-10 см илүү хөлдсөн байна гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэмжилтээр тогтоосон.

Гэхдээ Доод модот булангийн Мэргэний рашааны хажууд жил бүр гардаг өрх гарсан байна.

Далайн хоолой Эгийн гол урсдаг чиглэлд мөс маш нимгэн хөлддөг. Зарим газарт хар, цагаан хил гарсан учраас иргэдийг зөвхөн зөвшөөрөгдсөн тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан маршрутаар зорчихыг анхааруулж байна.  

 

-Хоол болон худалдаа үйлчилгээ эрхлэх иргэдэд ямар боломж олгож байна?

-Энэ үеэр хоол ундны үйлчилгээ үзүүлэх 65 гэрт зөвшөөрөл олгосон. Мөн дээрээс нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотоос иргэд ирнэ. Бид иргэдэд үйлчилгээ үзүүлэх гэж байгаа аж ахуйн нэгж, иргэн, байгууллагуудаас ямар нэгэн хураамж, төлбөр авахгүй, аюулгүй байдал хяналтын үйл ажиллагаанд зориулахаар нэг удаа 40000 төгрөг авч байна.

Бид гадаад, дотоодын аялагч жуулчид, худалдаа үйлчилгээ явуулах хүсэлтэй иргэд гээд зорин ирж буй хэн бүхэнд аюулгүй ая тухтай ээлтэй орчин бүрдүүлж, ажиллахыг зорьж байна.


Related news