Засгийн газрын санхүүжилтийг сунгах тухай хуулийн төслийг Конгресс баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-03-01 10:58:50

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 1 /CBS/. АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг түр хугацаагаар сунгах тухай хуулийн төслийг Конгрессын хоёр танхим пүрэв гарагт баталж, Ерөнхийлөгч Жо Байденд илгээлээ.


Засгийн газрын зарим агентлагийг дахин нэг долоо хоног буюу гуравдугаар сарын 8-ныг хүртэл, бусад агентлагийг  гуравдугаар сарын 22 хүртэл санхүүжүүлэхийг Сенатын танхимын гишүүд 77:13 гэсэн саналын харьцаагаар дэмжжээ.


Мөн Төлөөлөгчдийн танхим пүрэв гаргийн өглөө уг хуулийн төслийг 320:99 гэсэн саналын харьцаагаар баталсан байна. Ерөнхийлөгчийн хувьд уг хуульд гарын үсэг зурна гэдгээ өмнө нь мэдэгдсэн билээ.


Сенат дахь олонхын бүлгийн дарга Чак Шумер хэлэхдээ, засгийн газрын үйл ажиллагаа баасан гарагт зогсохгүй болсон гэдгийг Америкийн ард түмэнд дуулгахад таатай байна гэв. Конгресс дахь намын бүлгүүдийн удирдагчид засгийн газрыг санхүүжүүлэх асуудлаар тохиролцоонд хүрснээ лхагва гаргийн орой зарласан юм.


Санхүүжилтийн тухай 12 хуулийн төслөөс зургааг нь ирэх долоо хоног дуусахаас өмнө батлах шаардлагатай бөгөөд үүний дараа хууль тогтоогчид есдүгээр сар хүртэл засгийн газрыг бүрэн санхүүжүүлэхийн тулд үлдсэн зургаан хуулийн төслийг хоёр долоо хоногийн дотор батлах ёстой.

Related news