ДУНДГОВЬ: Музей үзэхээр ирсэн хүн бүрийг боловсролын хөтөлбөрт хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-05 15:07:46
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой музейн нээлттэй өдрүүд Мандалговь хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.


Энэ хугацаанд 400 гаруй иргэн Дундговь аймгийн музейд зочилж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, “Гэр бүлийн боловсрол” шавь сургалт, “Монголын нэг өдөр”, уламжлалт тоглоом, наадгай,

“Монголын нэг өдөр”, үндэсний хувцасны танилцуулга зэрэг боловсролын хөтөлбөрт хамрагджээ.



Энэ тухай аймгийн Музейн захирал Б.Баярмаагаас дараах тодруулгыг авлаа.


-Музейн нээлттэй өдрүүдээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Жил бүрийн 3 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд музейн нээлттэй өдрүүдийг зохион байгуулдаг. Энэ жил иргэдэд WR тоног төхөөрөмж ашиглаж байгаагаас гадна музей үзэхээр ирсэн хүн бүрийг боловсролын хөтөлбөрт хамруулж байна. Уламжлалт тоглоом наадгай, үндэсний дээл хувцас, эрт галвын амьтад говь нутагт, шавь сургалт, гэр бүлийн хөтөлбөрөөр 400 гаруй хүнд үйлчилсэн байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг илүү хамруулж байна. Амралтын өдрүүдэд залуучууд гэр бүл оролцлоо. Энэ жилийн нэг онцлог ихэр хүмүүс их ирж байна.


Манайх өглөө 9.00-16.00 цаг хүртэл иргэдэд үнэгүй үйчилгээ үзүүлж байгаа. Гэр бүлийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд аав, ээжтэйгээ уламжлалт тоглоом наадгайгаар тоглож, оньсон тоглоом тайлж, гэр бүлээрээ зураг будаж, үндэсний хувцас, халх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өмсдөг үндэсний хувцас, хэрэглэлтэй танилцан, дээл хувцсыг өмсөж, дурсгалын зураг татуулсан.


-Төв халх эрэгтэй, эмэгтэйчүүдийн өмсдөг байсан дээл, хувцасны талаар тайлбарлана уу?

-Дундговь аймагт ерөнхийдөө төв халхчууд амьдардаг. Төв халх эмэгтэйчүүд дэргэр үстэй, мөртэй эхнэр дээл өмсдөг байсан. Мөртэй дээлийг халх эмэгтэйчүүд өдөр тутамдаа өмсдөг бол гоёлд гадуураа ууж өмсдөг байж. Мөн гоёлын мөртэй дээлээ илүү тод, илүү олон өнгийн торгоор оёдог байжээ.


Дэргэр үсийг нөхөрт гарах гэж байгаа эмэгтэйчүүд зүүдэг. Үсний гоёл чимэглэл нь тухайн бэрийн ямар бэл, бэнчинтэй гэр бүлээс гаралтайг илтгэдэг, 3-15 кг жинтэй байсан. Дэргэр үснийх нь гоёл чимэглэлээр эмэгтэйн ямар гарал угсаатайг тодорхойлдог байсан гэж болно.


Эрэгтэй дээлийн хувьд ихэвчлэн хошмогтой, үүлэн хээтэй дээлийг, гоёлдоо хилэн малгайг өмсдөг байсан. Ноён хүний малгай нь энгийн ардынхаас отог жинсээрээ ялгардаг.



Зуны улиралд дан дээл, давхар тэрлэг, хавар намарт хөвөнтэй ба хурган дотортой дээл, өвөлдөө үзүүрсэг буюу цувцаа дээл өмсөнө. Гоёлд хантааз, хэт хутга, аяганы уут, хөөрөг даалинг хэрэглэнэ. Хилэн малгайнаас гадна 4 улиралд зохицсон малгайг өмсдөг байсан. Тухайлбал, өвөлдөө лоовууз, үсээр чимсэн годон малгай, хилэн малгайг булга, минжээр гоёж өмсдөг байжээ.  Хавар, намартаа юүдэн малгайг өмсөх ба халх юүдэн малгайг нар, салхинаас хамгаалах зорилгоор өмсдөг байжээ.


Манай музейн үзмэрт байгаа халх эрэгтэй хувцас хүннү энгэртэй. Музейн цуглуулгад эмэгтэй хувцас, толгойн гоёлыг худалдаж авсан. Боловсролын хөтөлбөрт ашигладаг хувцсыг захиалж хийлгэсэн. Халх эрэгтэй, эмэгтэй хувцас, буриад, хотон 4 төрлийн хувцсыг хийлгэж, боловсролын хөтөлбөртөө ашиглаж байна. 














Related news