ДОРНОГОВЬ: Аймгийн музей Хүннүгийн үед холбогдох археологийн ховор үзмэрүүдтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-06 08:11:37

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд бүх шатны музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж байна.


Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төв энэ оны гуравдугаар сарын 1-7-ныг дуустал иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээс гадна Говийн ноён хутагтын музей энэ ажилд нэгдэж үнэ төлбөргүй үйлчилж байна.


Мөн музейн тухай хуулийн дагуу 16 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлдэг. Тус аймгийн музей 1945 онд Орон нутаг судлах кабинет, 1979 онд Орон нутаг судлах музей, 1999 онд Музей сургалт судалгааны төв /МССТ/ болон өөрчлөгдөж эдүгээ нийт 5600 гаруй үзмэртэй үйл ажиллагаагаа явуулж байна.


Музейн хамт олон музейн барилгын өрөө, тасалгаа, гадаах орчин мөн үзмэрийн гурван танхимаа шинэчилж засварлажээ. 


Дорноговийн музейд Хүннүгийн үед холбогдох археологийн ховор үзмэрүүд буйгаараа бусад аймгийн түүхийн музейгээс ялгарах онцлогтой төдийгүй байгалийн хэсэгт эртний аварга сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутан амьтдын тухай үзмэрүүд бий.


Музейн нээлттэй өдрүүдээр Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвөөс уран бүтээлчдийн дунд “Аясгалан хөг” ардын дууны “Open mic”, зохиолч уран бүтээлчдийн шинэ номын нээлт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Related news