Япон, АНУ, Филиппиний дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-03-16 09:24:44

ТОКИО, 2024 оны гуравдугаар сарын 16 /NHK/. Ирэх сард Японы Ерөнхий сайд Кишида Фүмиог АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Япон, АНУ, Филиппиний удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 


К.Фүмио АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай дөрөвдүгээр сарын 10-нд хэлэлцээ хийхээр товлоод байгаа бөгөөд 11-ний өдөр Конгрессын нэгдсэн хуралдаанд үг хэлэх юм.


Эх сурвалжуудын мэдээлснээр, Япон, АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид К.Фүмиогийн айлчлалын үеэр гурван талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркосыг АНУ-д урихаар ажиллаж байгаа ажээ.


Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын үйл ажиллагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан гурван улс өнгөрсөн онд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ. Улмаар хамтарсан сургуулилалт зэрэг батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг ахиулах талаар хэлэлцэж байгаа юм.


Дээд хэмжээний уулзалтын үеэр гурван орны удирдагчид хэлэлцээнд гарч буй ахиц дэвшлийн талаар санал бодлоо солилцож, аюулгүй байдлын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх төлөвтэй байна. Япон улс өөрийн холбоотон АНУ болон Хятадтай газар нутгийн маргаантай байгаа Филиппинтэй харилцаагаа бэхжүүлэх замаар бүс нутгийн тогтоон барих болон хариу арга хэмжээ авах чадавхийг нэмэгдүүлэхийг зорьж байна гэж ажиглагчид үзэж байна.

Related news