ДУНДГОВЬ: "Дэлхийн мөнгөний долоо хоног" аянаар иргэдэд санхүүгийн боловсрол олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-18 18:27:12
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. “Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” аян “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриан дор 3 дугаар сарын 20-нд орон даяар эхэлнэ.


Тус аяныг 2012 оноос эхлэн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас жил бүр уриалж, 176 орны 40416 байгууллага хүүхэд, залуусыг бага наснаас нь санхүүгийн мэдлэгтэй болгож, санхүүгийн зөв шийдвэр гаргахад нь мэдлэг, чадвартай, зөв хандлагатай болгох зорилгоор зохион байгуулдаг.


Санхүүгийн салбарт фишинг, мөнгө угаах, онлайн дэлгүүрийн луйвар, залилан, мэхлэх, хувийн мэдээллийг хулгайлах зэрэг эрсдэл гардаг. Энэхүү болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд иргэд өөрсдөө санхүүгийн мэдлэгтэй, санхүү, хөрөнгийн зах зээлд оролцох чадвартай байх ёстой юм.


Тиймээс “Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” аян “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриан дор 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх ба энэ хугацаанд хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг олгохоор төлөвлөжээ.


Тус аяны хүрээнд мөнгөө эрсдэлээс хамгаалах, санхүүгийн мэдлэг олгох контент, шторк, видео бичлэгийн уралдаан зарлах, ЕБС-ийн сурагчид, Коллежийн оюутнууд, иргэд, төрийн албан хаагчдад санхүүгийн боловсрол болгох сургалт, өдөрлөг, гэмт хэрэг, залилангаас сэргийлэхэд чиглэсэн бичлэг бэлтгэн цахимаар түгээх, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажил төлөвлөсөн байна.


Монгол банкны Дундговь аймаг дахь салбар, арилжааны банкууд, Цагдаагийн газар, бусад байгууллагатай хамтран иргэдийг санхүүгийн луйвар, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, санхүүгийн эрх чөлөө, тогтвортой байдалд хүрэхэд нь туслах зорилгоор ийнхүү иргэдэд санхүүгийн боловсрол олгох тус аяныг эхлүүлэх юм. 

Related news