ДОРНОГОВЬ: Цувираагийн хийд 360 гаруй жилийн түүхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-22 14:11:11

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 22  /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутагт шарын шашны 100 гаруй сүм хийд байсны нэг нь Хөвсгөл сумын төвөөс зүүн хойш 60 км орших Цувираагийн хийд юм.


Хийдийг Содномдайчин хун тайжийн хүү Говийн анхдугаар ноён хутагт Агваангончиг 1666 онд Амгалант нэртэй байгуулжээ. Хийд 500 гаруй ламтай, дөрвөн дацантай, хоёр аймаг, том жижиг найман дуган, гурван сүм, нэг суваргатай, таван жасаас бүрддэг байжээ. Цувираагийн хийдийн туурь нь шашны болоод соёлын үнэт дурсгалын нэг болдог.


Тус хийд 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед устжээ. Цувираагийн хийдийн зүүн талаар жалга саарьтай, хэсэг хэсэг тоорой хайлаас модтой төдийгүй ойр хавьд нь том уул үзэгдэхгүй тэгш тал газарт байрлаж байжээ. Хөрс нь шаварлаг улаан хөрстэй,тачир ургамалтай.


Аварга том дуган сүмтэй үнэхээр гайхалтай том хийд байсан бөгөөд хийдийн ойролцоо том дуган сүмийн хана туурга, шавар, хашааны ёзоор, суварга, айлын сууцны байшин сав, хийдийн жас, гал тогоо гээд байшингийн балгас туурь цөөнгүй үлдсэн байна. Хийдийг дан түүхий тоосго, хөх зөнгөөр барьсан аж. Гол дуганын туурийн зузаан нь 1.5 м байгаа юм.



Related news