ДОРНОГОВЬ: Брэндбүүк үйлчилгээг нэвтрүүлж анхан шатлалын эмнэлгүүдийн анхдагч нь болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-25 12:53:28

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Мандах сумын Эрүүл мэндийн төв сүүлийн гурван жилийн хугацаанд эмнэлгийн орчин нөхцөлийг иргэдэд ээлтэй ая тухтай болгох зорилгоор Брэндбүүкийг анхан шатлалын эмнэлгүүдээс анх нэвтрүүлж, “Шилдэг үйлчилгээ-тэргүүн тохижолт” аяныг хамт олноороо өрнүүлэн гадна, дотоод орчиндоо тохижилт, засвар үйлчилгээ зэрэг нийт 108 ажил хийжээ.


Брэндбүүк үйлчилгээ гэдэг нь ажиллаж байгаа хүмүүсийнхээ хувцас, хэрэглэж байгаа зүйлс, харагдаж байгаа хаягаасаа өгсүүлээд өнгө төрх, зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар зэрэг нь тодорхой харагдахыг хэлдэг байна.


Тус эмнэлэг өнгө төрхөө улбар шар өнгөөр сонгож бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна. Үүний үр дүнд эмнэлгийн орчин тохилог болж, иргэд үйлчлүүлэх, албан хаагчид ажиллах ая тухтай орчин бүрдүүлжээ.


Тухайлбал тусламж үйлчилгээнд үзүүлэлт өндөртэй өнгөт ЭХО аппарат, 12 канал бүхий орчин үеийн зүрхний цахилгаан бичлэгийн аппаратыг орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр суурилуулснаар хөдөөгийн хүн амд үзүүлэх оношилгооны чадавх сайжирчээ.


Мөн ЭХО аппаратаар хэвлийн эрхтнүүд харахаас гадна, бамбай, хөх, үтрээний датчикаар оношилгоогоо өргөтгөсөн байна.


Мандах сумын эмнэлэг нь 21 орон тоотойгоос одоогоор 17 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж  байна.

Related news