Хятад улсын зах зээл улам нээлттэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-03-25 16:53:46

БЭЭЖИН, 2024 оны гуравдугаар сарын 25 /TASS/. Хятад улс гадаад ертөнцөд эдийн засгаа улам нээлттэй болгож,  гадаадын хөрөнгө оруулагчид тус улсын зах зээлд нэвтрэхэд тавьсан хязгаарлалтыг арилгана гэж тус улсын Худалдааны дэд сайд Го Тинтин Бээжинд болж буй Хятадын хөгжлийн чуулга уулзалтын үеэр мэдэгдлээ.


"Бид дэлхийн эдийн засгийн сэргэлтэд илүү их түлхэц өгөхийн тулд гадаад ертөнцөд өндөр түвшний нээлттэй байдлаа өргөжүүлсээр байх болно" гэж  Го Тинтин хэлэв. Тэрбээр гадаадын хөрөнгө оруулагчид эдийн засгийн тодорхой бүсүүдэд  нэвтрэхэд тавьж буй хоригийг цуцлах болно гэдгийг онцоллоо. Үүнээс гадна, гадаадын хөрөнгө оруулалттай Хятадын компани, аж ахуйн нэгжүүд тус улсад бизнес эрхлэх тэгш нөхцөлийг цогцоор нь хангахыг зорьж байна.


Дэд сайдын хэлснээр, Хятадын асар том зах зээлийн боломж улам бүр нээлттэй болж байна. 1.4 тэрбум орчим хүн амтай Хятад улс бол дэлхийн хэрэглээний хоёр дахь том зах зээл гэдгийг тэрбээр онцлоод, Хятадын нэг хүнд ногдох жилийн дундаж орлого 40 мянган юаньд (5.5 мянган ам.доллар) дөхсөнийг дурдлаа. Тус улсын дундаж давхаргын хүн амын тоо 400 сая орчим байгаа нь бусад улс оронтой харьцуулахад илүү байна. 


Хятадын инновацын чадавх өсөн нэмэгдсээр байгааг Худалдааны дэд сайд мөн тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, цахилгаан тээврийн хэрэгсэл болон нарны зай хураагуурт зориулсан литийн цэнэг хураагуур нь "Хятадын аж үйлдвэрийн шинэ нэрийн хуудас" болсон гэлээ. 


“Хятад улс эдийн засгийн цогц даяаршлыг идэвхтэй дэмжиж, дэлхийн нээлттэй эдийн засгийг бий болгохыг дэмжиж байна” гэж Го Тинтин хэллээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, БНХАУ "Нэг бүс, нэг зам" санаачилгыг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлсээр байх болно гэв.


Хятадын хөгжлийн форум 24-25-ны өдрүүдэд Бээжин хотноо болж байна. Тус чуулга уулзалтад БНХАУ-ын Засгийн газар, олон улсын байгууллагууд, Хятад болон бусад улс орнууд, тэдгээрийн дотор АНУ, Европын орнуудын томоохон компаниудын төлөөлөл, бусад салбарын эдийн засагчид, шинжээчид оролцож байна. Энэ форум бол Хятад улс болон гадаадын улс төр, бизнесийн хүрээнийхний хувьд санал бодлоо солилцох чухал талбар юм.

Related news