“Бадрах Энержи” компани сум, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khandmaa@montsame.gov.mn
2024-03-29 12:44:33

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Бадрах Энержи” компани болон Дорноговь аймгийн Улаанбадрах сумын удирдлага өнгөрсөн онд амжилттай хэрэгжүүлсэн төслүүдээ энэ сарын 28-ны өдөр  албан ёсоор нээлээ.


Улаанбадрах сумын засаг дарга Г.Ганбүрэн, Засаг даргын орлогч У.Сод-эрдэнэ, Засаг даргын тамгын газрын дарга Б.Хишигбаяр, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Түмэнжаргал, 2-р багийн Засаг дарга Д.Гантөр мөн “Бадрах Энержи” ХХК-ийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд төслүүдийн хэрэгжилтийг сайшаан үнэлсэн байна.


Монгол-Францын хамтарсан “Бадрах Энержи” компани нь 2006 оноос хойш орон нутаг дахь нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн  төслүүдэд 8,3 тэрбум төгрөг хөрөнгө оруулснаас 4,4 тэрбум төгрөгийг Улаанбадрах суманд зарцуулжээ.


Тус компани Улаанбадрах сум, Зүүнбаян багийн Засаг дарга нартай Хамтын ажиллагааны гэрээг 2018 онд  байгуулж, хүний эрүүл мэнд, малын эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн хөгжил, усны хүртээмж, эрчим хүчний хангамжийн чиглэлээр төсөл, хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлээд байгаа юм.


Хамтын ажиллагааны гэрээнд тусгасан зарчмаар 2023 онд  хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөөс дурдвал:

-          Хүний эрүүл мэнд: Улаанбадрах сумын  Эрүүл мэндийн төвийн их засварыг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр сумын иргэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй авч, эрүүл мэндийн ерөнхий шинжилгээнүүдийг сумын эмнэлэгт хийлгэх боломжтой болсон.

-          Усны хүртээмж: Улаанбадрах сумын ЗДТГ гал унтраах, ариутгах, тоос дарах гэх мэт олон үйлдэлтэй усны машин худалдан авч  онцгой нөхцөл байдалд ашиглах тээврийн хэрэгсэлтэй болов.

-          Эрчим хүчний хүртээмж: Зүүнбаян багийн иргэдийн халаалтыг шийдвэрлэхээр Дорноговь аймаг, “Чандмань Илч” ТӨҮГ-тай хамтарч, уурын зуухны гэмтлийг засварлахад нийт  350 сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн.

-          Боловсрол: 2010 хэрэгжиж байгаа хүүхэд залуучуудын боловсролыг дэмжсэн тэтгэлэгт хөтөлбөрөө үргэлжлүүлэн 2023 онд нийт 73,5 гаруй сая төгрөгийн тэтгэлэгийг Зүүнбаян, Улаанбадрахын сурагчдад өгч, Улаанбадрах сумын ЕБС-д фургон авто машиныг бүрэг тоноглон хүлээлгэн өглөө.

-          Малжуулах төсөл: 2007 онос хэрэгжиж байгаа малжуулах төсөлд 2023 онд 10 өрхийг шинээр хамруулж, төслөөс ашиг хүртэгчдийн тоо нийт 134 өрх болж өргөжлөө.

Талуудын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээгээр хязгаарлагдалгүй 2023 онд Мал Эмнэлгийн Дундын Хоршоотой хамтран “Малын эрүүл мэндийн харьцуулсан судалгаа”-г аймгийн гурван сумын хэмжээнд, “Малын ургийн гаж хөгжлийн судалгаа”-г хоёр дахь удаагаа улсын хэмжээнд хийлээ. Судалгааны дүгнэлтээр Улаанбадрах суманд бусад сумаас онцгойлон ялгарах өвчлөлгүй, малын төлийн гаж хөгжил улсын дунджаас бага гэсэн дүгнэлт гарснаар өмнө хийгдэж байсан ижил төстэй судалгааны үр дүнг баталгаажуулжээ.


Мөн “Бадрах Энержи” компани болон компанийн дийлэнх хувьцаа эзэмшигч “Орано Майнинг” компаниас зудын нөхцөл байдалд хариу арга хэмжээ аван малжуулах ажлыг дэмжих зорилгоор 500 сая төгрөг хандивласан байна. Үүнээс 200 сая төгрөгийг Монголын Улаан загалмай нийгэмлэгт, 300 сая төгрөгийг Дорноговь аймагт тус тус хандивлажээ. Хандивыг гардуулахад  Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Хонгорзул, Засаг даргын Тамгын газрын Санхүү Төрийн Сангийн хэлтсийн дарга Ц.Содхүү, аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Бат-Эрдэнэ, “Бадрах Энержи” ХХК-ийн удирдлага байлцав.


“Бадрах Энержи” компани 2024 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Онцгой комисст 25 тонн малын тэжээл хандивласан ба энэ гуравдугаар сард малчдад нэмж  25 тонн малын тэжээл хандивлаад байна.


 


 


Related news