ДУНДГОВЬ: “25 дахь цаг” хөтөлбөр 5 дугаар ангийн хүүхдүүдэд хичээлээ нөхөх, хөгжих боломж олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-26 17:11:51
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. "Ид шидийн орон-Дундговь" ХХХТ-ийн “25 дахь цаг” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэн, гурвалсан гэрээ байгууллаа.


Тус төвийн номын санд ирсэн хүүхдүүд сонгосон номоо уншихгүй, эхний хэдэн хуудсыг эргүүлж байснаа буцааж тавиад байсныг ажигласан номын сангийн ажилтан Батцэцэг тухайн хүүхдүүд дээр ажиглалт явуулжээ.


Эдгээр хүүхэд бүгд тавдугаар ангид сурдаг хэдий ч тэд уншихдаа сайнгүй, хичээл, сурлагын хоцрогдолтой, тогтвортой сууж сураагүй байсан тул ийм хүүхдүүдэд давтлага өгч, гэрийн даалгаврыг нь хийлгэх санаачилга гаргасан нь ийнхүү хөтөлбөр болон хэрэгжсэн байна.



Хөтөлбөрийг Сайнцагаан сумын Говийн ирээдүй цогцолбор сургуультай хамтран хэрэгжүүлж, тус сургуулийн 5 дугаар ангийн гурван бүлгээс судалгаа авсны үндсэн дээр сурлагын хоцрогдолтой 15 хүүхдийг сонгон авч, хоёр сарын хугацаанд ажиллажээ.


Хөтөлбөрийн үр дүнгийн уулзалтад Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захирал О.Эрдэнэтөгс, сургалтын менежер Оюунмаа, 5 дугаар ангийн 3 бүлгийн багш, эцэг эх, асран хамгаалагчид, Ид шидийн орон ХХХТ-ийн ажилтнууд оролцож, хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар хэлэлцсэн байна.



Тухайн хүүхдүүдийн хувьд зурагт үзэх нь багассан, утас оролдохоо больсон, илүү нээлттэй харилцаатай болсон, хичээлээ хийх дургүй байдаг байсан бол одоо хичээлдээ дуртай болсон, үсгээ гүйцэд нүдэлж, хүрд цээжилж, унших, бодох чадвар нь нэмэгдсэн, гадуур сэлгүүцэх нь багассан зэрэг маш олон эерэг өөрчлөлт гарсныг бүх эцэг эх, асран хамгаалагчид танилцуулж, эхлээд давтлага гэхээр дургүй байснаа, сүүлдээ давтлагадаа явах дуртай болсон гэж онцолсон юм.


Нэг хоногт 24 цаг байдаг бол энэ хүүхдүүдийн хувьд энгийн үеэсээ илүү нэг цагийг давтлага хийх, хөгжихөд зарцуулдаг болсноор хөтөлбөрөө “25 дахь цаг” хэмээн нэрлэсэн байна. Тус хөтөлбөрийн хүрээнд сурагчдын гэрийн даалгаврыг хийлгэж, хоцорсон хичээлийг нь нөхөж, давтуулахаас гадна сэтгэл зүйн оношилгоо хийж, зөвлөгөө өгч, сонирхлых нь дагуу бусад дугуйлан, сургалтуудад хамруулан хөгжүүлжээ.


Түүнчлэн "Лантуун дохио" ТББ-ын сэтгэл зүйчид дээрх сурагчдад сэтгэл зүйн оношилгоо хийсэн ба  уулзалтын үеэр оношилгоонд үндэслэн эцэг эх, асран хамгаалагчидтай тусгайлан уулзаж, ганцаарчилсан завөлгөө өгчээ. Хөтөлбөр энэ хичээлийн жил дуустал үргэлжлэх юм. 







Related news