ӨВӨРХАНГАЙ: Иргэд угийн бичиг хөтлөх, удмаа мэдэх асуудалд идэвхтэй хандаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-26 17:23:47

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Угийн бичиг хөтлөлтийг эрчимжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Нэг өрх-Нэг угийн бичиг” уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулж, идэвхтэй оролцсон сум, иргэнийг шалгарууллаа.  


Аяны хүрээнд 14 сумаас шалгарсан шилдэг 37 өрхийн угийн бичгийн үзэсгэлэнг гаргасан юм. “Монголчууд эртнээс угийн бичиг хөтлөх уламжлал, өв соёлтой ард түмэн. Гэвч улс төрийн үзэл суртлын нөлөөгөөр сүүлийн 100-гаад жил угийн бичиг хөтлөх ажил тасарч, үндсэндээ мартагдсан. Харин 2010 оны үеэс Шинжлэх ухааны доктор, хүн судлаач Ж.Батсуурь угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг ойлгуулж, түүчээлж ирснээр энэ өв соёл дахин сэргэж байна” хэмээн аймгийн Соёл урлагийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам хэллээ.



Өвөрхангай аймагт угийн бичиг хөтлөх аяныг жил тутам зохион байгуулж, аймгийн Засаг даргын албан даалгавар гарч байсан ба 80 гаруй сургагч багшийг бэлтгэсэн байна. Үүний үр дүнд иргэдийн мэдлэг, мэдээлэл нэмэгдэж, ураг удмаа хайх, угийн бичгийг хөтлөх чиглэлээр идэвхтэй ханддаг болсныг зохион байгуулагчид хэлж байв. Уралдаанд сумдын Засаг дарга нар оролцож, иргэдэд хандсан уриалга дэвшүүлсэн бөгөөд “Угийн бичигтэн сум”-аар Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Нарийнтээл сум эхний дөрвөн байрт шалгарлаа.


“Угийн бичигтэн өрх”-өөр Гучин-Ус сумын иргэн Ж.Наранцэцэг, Нарийнтээл сумын иргэн Д.Данаасүрэн, Баруунбаян-Улаан сумын иргэн Ш.Бундхорол, Гучин-Ус сумын иргэн С.Пүрэв нарын удмын угийн бичиг шалгарсан юм. “Нэг өрх - Нэг угийн бичиг” аяныг аймгийн СУГ, Насан туршийн боловсролын төв, ГБХЗХГ-аас хамтран зохион байгуулав. 

Related news