БАЯНХОНГОР: С.Эрдэнэчулуун: Он гарсаар эрт илрүүлэгт хамрагдах иргэдийн тоо цөөрсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-28 11:56:17

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулж буй. Энэхүү үйл ажиллагааны явц болоод холбогдох зүйлсийг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, Эрүүл мэндийг дэмжих төвийн менежер С.Эрдэнэчулуунаас тодрууллаа.

 

-Хүн амын эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдах ирц идэвх аймгийн хэмжээнд ямар хэмжээнд байна вэ?

-Хуучин мөрдөгдөж байсан тушаалд зөвхөн 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулж байсан бол шинэчилсэн журмаар 18 хүртэлх насны хүүхдийн эрт илрүүлгийн хоёр багц шинээр нэмэгдсэн. Ингээд нийт зургаан насны бүлгээр 31 төрлийн өвчин эмгэгийг илрүүлэх 40 төрлийн оношилгоо, шинжилгээг хийхээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан.

Хөтөлбөрийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх аяныг 2022 оны тавдугаар сарын 1-нээс улс, орон даяар эхлүүлээд явж байгаа. Мөн үеэс хойш эхлүүлсэн үзлэг шинжилгээнд өнгөрсөн оны байдлаар дундаж хамрагдалт аймгийн хэмжээнд 31158 иргэн буюу 34.8 хувьтай байна. Он гарсаар иргэдийн идэвх харьцангуй суларсан байна, нэгдүгээр сард 304 иргэн, хоёрдугаар сард 290 иргэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс буурсан тоон үзүүлэлт. Дэлгэрэнгүй дүн мэдээ энэ сар дууссанаар улирлын байдлаар багцлагдах болохоор энэ удаад өнгөрсөн оны байдлаарх мэдээллийг хэлж болохоор байна.

 

-Энэ тоо мэдээ улсын дунджаас ямар хэмжээнд байна?

-Аймгуудын дундаж орчимд. Эрт илрүүлгийн улсын дундаж 37.7 хувь, аймгуудын дундаж 35.2 хувь, Баянхонгор аймгийн дундаж 34.8 хувь байгаа юм.

Баянхонгор аймаг 17 хүртэлх насны 33410 хүүхэд хамрагдахаас 52.55 хувь нь, 18-аас дээш насанд 56233 иргэн хамрагдахаас 25.3 хувь нь эрт илрүүлгийн үзлэг шинжилгээндээ хамрагдаад байна.

 

-Аль насны иргэдийн идэвх оролцоо сайн байна вэ?

-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан иргэдийг насны бүтцээр авч үзвэл 30 хүртэлх наснынхны 15 хувь, 31-45 насныхны 35 хувь, 46-60 насныхны 34 хувь, 61-ээс дээш насныхны 16 хувь нь үзлэг шинжилгээндээ хамрагдсан. Идэвхийн хувьд 31-60 насныхны хамрагдалт харьцангуй сайн байна. Идэр болон өндөр настнуудын идэвх сул байгаа нь анхаарал татаж байгаа, харин ч илүү идэвхтэй байх нас байгаад байдаг. Эрт илрүүлгийн үзлэгтээ идэвхтэй хамрагдахын ач тус их шүү дээ.

 

-Үзлэгийн хүрээнд зонхилон тохиолдож байгаа өвчин эмгэгийг талаар?

-18-30 насны иргэдэд бөөр, шээс дамжуулах замын эмгэг, нойр булчирхайн архаг үрэвсэл, элэгний вируст гепатит, архаг бронхит зонхилон тохиолдож байгаа бол 31-45 насны иргэдэд бөөр, шээс дамжуулах замын эмгэг, ходоодны өнгөц үрэвсэл, цөсний замын эмгэг, нойр булчирхайн архаг үрэвсэл, элэгний, дотоод шүүрлийн эмгэгүүд зонхилж байна. 46-61 насны иргэдэд бөөр, шээс дамжуулах замын эмгэг, ходоодны өнгөц үрэвсэл, шархлаа, дотоод шүүрлийн эмгэг, цөсний замын эмгэг, элэгний болон түрүү булчирхай томрох эмгэг зонхилж байгаа бол 61-ээс дээш насны иргэдэд элэгний архаг вируст гепатит, цөсний замын эмгэг, бөөр, шээс дамжуулах замын эмгэг, ходоодны үрэвсэл, дотоод шүүрлийн эмгэг, элэг, цөс, нойр булчирхай, түрүү булчирхайн эмгэг зонхилон тохиолдож байна.

 

-Эдгээр өвчлөлийн үүдэл нь юу байгаа бол?

-Амьдралын хэвшил маш чухал. Дулаан хувцаслах, тогтмол цагт эрүүл зөв хооллох, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, хорт зуршлаас татгалзах, биеийн жин, цусны сахар хянах, утааны улиралд амны хаалт зүүж хэвших хэрэгтэй. Эмчийн үзлэгт тогтмол хамрагдах, өөрийн архаг өвчнийг сайн хянах шаардлагатай.

Мөн элэгний вирустэй иргэд халдвартын эмчийн хяналтад орох, тогтмол үзлэгт хамрагдаж байх, элэгний вирусгүй эрүүл иргэд өөрийн харьяа өрх сумын Эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-д элэгний В вируснээс хамгаалах вакцинд хамрагдах нь чухал шүү.

 

-Эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт сумдад хэр байгаа вэ? Малчид тэр бүр үзүүлж чадаж байгаа болов уу?

-Үзлэгт хамрагдсан нийт иргэдийг бүс нутгаар авч үзвэл, 18-аас дээш насны нийт 12841 иргэн үзлэгт хамрагдсанаас Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 12 мянга гаруй нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, 540 иргэн лавлагаа шатлалын бусад эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. Оточмандал, Оточномгон, Наранмандал,  Энхбүрд ӨЭМТ, Баацагаан, Өлзийт, Баянлиг, Богд, Баянцагаан, Галуут сумын ЭМТ тус тус урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдээ бүрэн хамруулж бусад сумаа манлайлсан.

 

-Гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай хүмүүс хэр хэмжээнд байв?

-Эход үзүүлсэн иргэдээс элэгний үүсгэвэр 14 оношлогдсоноос дөрвөн иргэнд элэгний хавдар тодорхойлогдож хавдрын эмчийн хяналтад, 7 иргэнийг 13а маягтаар лавлагаа шатлалд илгээсэн. Мөн дэлүүний хавдар 1, бамбайн хавдар 1,  бөөрний хавдар 1, хөхний үүсгэвэр 11 оношилж, хавдрын эмчийн хяналтад илгээсэн.

Зүрхний цахилгаан бичлэг, өндөр, жинд нийт 8702 иргэн үзүүлснээс 60 гаруй хувь нь илүүдэл жин, таргалалтын 1-3 дугаар зэрэгтэй байгаа юм. 

Эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээгээр хавтгай хучуур эсийн хүнд зэргийн гэмтэлтэй 4, хавтгай хучуур эсийн хөнгөн зэргийн гэмтэлтэй 2, хавтгай эсийн өөрчлөлт тодорхой бус 7 иргэн оношлогдож, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтад шилжүүлсэн. Ходоод улаан хоолойн уян дуранд үзүүлсэн иргэдээс ходоодны ургацаг 64, ходоодны шархлаа 234 оношлогдож, өөрчлөлттэй 10 иргэнээс эдийн шинжилгээ авснаас улаан хоолойн хавдар 2, ходоодны хавдар 4 тус тус оношлогдсон. Цээжний рентген зургаар уушгинд хавдрын өөрчлөлттэй 14, уушгины бэтэг өвчин 2, уушгины сүрьеэ 3, плеврит 1, уушгины шохойжсон голомт 6, уушгины архаг өөрчлөлт 855 илрүүлснээс гадна сүрьеэгийн 3 тохиолдлыг эмчийн хяналтад шилжүүлж, 1 иргэн уушгины сүрьеэ, 2 иргэнд цэр сөрөг сүрьеэ оношлогдсон байгаа.

 

-Тэгэхээр эрт илрүүлэгт хамрагдсанаар тухайн иргэд өвчлөлөө мэдэж авсан байна. Ач холбогдол нь үүнд оршиж байгаа нь тодорхой. Одоо эрт илрүүлгийн шилжилгээ үргэлжилж байгаа юу?

-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах асуудлыг тусгасан байдаг. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах боломжийг олон улсад нийцүүлж сайжруулахаар багтаасан. Тэгэхээр хүмүүс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үйл ажиллагаа дууссан гэж ойлгож болохгүй. Иргэд сүүлийн хоёр жилийн хугацаанд шинжилгээ оношилгоонд хамрагдаагүй бол хэзээ ч ирээд үйлчилгээ авах боломжтой.


-Цаг авах шаардлагатай юу. Иргэд эрт илрүүлгийн шинжилгээ өгөхдөө ямар бэлтгэл хангах талаар зөвлөнө үү?

-Он гарсаар эрт илрүүлэгт хамрагдах иргэдийн тоо буурч, өдөртөө 15-20 хүн үзүүлж байгаа болохоор дараалалгүйгээр үйлчлүүлэх боломжтой болсон. Мөн төрсөн он, сар харгалзахгүйгээс гадна 18-30 насанд эхо үзлэг хийхээр болсон тул иргэд үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Тэгэхээр иргэд үзүүлэхдээ цаг авах хэрэггүй, Эрүүл мэндийг дэмжих төвд шууд ирэхэд болно. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Өглөө ирэхдээ өлөн шээс, өтгөнөө тусгай саванд хийж ирэх, шинжилгээ өгөхдөө өлөн байхаас гадна насандаа тохирсон бүх үзлэг шинжилгээнд заавал хамрагдахыг зөвлөж байна. Хүмүүс үзлэг оношилгоог дутуу орхиж явах хандлага гарч байгаа учраас үүнийг сануулж байна. Шинжилгээ, үзлэг, оношилгоонд хамрагдсаны дараа заавал эмчид үзүүлж зөвлөгөө авч, цаашид яах чиглэлээ авах хэрэгтэй. Нарийн мэргэжлийн эмч болон дээд шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай тохиолдолд эмч танд зөвлөх болно.


-Ярилцсанд баярлалаа.

Related news