Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-28 17:38:40

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд төсвийн хөрөнгөөр Монгол орны нутаг дэвсгэрийн 44 хувийг 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд хамруулаад байна.


2022 оны 11 дүгээр сарын 20-ноос эхлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан олгож байна. Энэ хугацаанд 257 тусгай зөвшөөрлийг олгож, 66.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ талаар өнөөдөр “Корпорэйт конвеншн” төвд болсон “Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт дээр УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга мэдээллээ.

Чуулганд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, зочид төлөөлөгчид, геологичид, судлаачид, орон нутаг, төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.


УУХҮЯ-наас эрдэс баялгийн хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газар, улсын хил орчмын нутаг дэвсгэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулан өндөр технологийн түүхий эд, алт болон бусад ашигт малтмалын чиглэлээр судалгаа, эрэл, эрэл-үнэлгээний төслүүдийг хэрэгжүүлж буйг танилцуулав. Цаашид:  

  • Монгол орны газрын хэвлийн гүний тогтцыг судлах,
  • ашигт малтмалын хэтийн төлөвийг тогтоох,
  • боломжтой хэсгүүдийг илрүүлэх зорилгоор геологийн суурь судалгааны анхдагч тоон өгөгдлийг бий болгох,
  • мөн баримтжуулж, нэгтгэн боловсруулахад орчин үеийн тэргүүлэх техник технологийг ашиглан зайнаас тандан судлах арга аргачлалыг нэвтрүүлэх зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх аж.



Related news