Ж.Энхтуяа: Ээзгийний шүүсээр чихэр хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-03 21:54:58

Саяхан Говь-Алтай аймагт болсон ”Алтай түншлэл-2016” үзэсгэлэн худалдааны Гранпри шагнал “Алтан Мазаалай”-н эзэн “Баян Таян” ХХК-ний менежер Ж.Энхтуяатай уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө танд болон танай хамт олонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Юуны өмнө энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй хүмүүстээ талархаж буйгаа илэрхийлье. Мөн бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг худалдан авч, баялаг бүтээгчдээ дэмждэг нутгийнхандаа баярлалаа.

-Хэдэн жил үзэсгэлэн худалдаанд оролцож байна?

-Сүүлийн 10 жил тасралтгүй оролцсоноос, 7 жил нь амжилттай оролцож байна. Цаашид брэнд бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлж, Алтайнхаа нэрийг гарган, улам амжилттай хөдөлмөрлөнө.

-Хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцов. Энэ жилийн онцлог юу байв?

-Нийт сүү, сүүн бүтээгдэхүүний хориод төрлөөр оролцлоо. Жимсээр хийсэн ааруул, чихэр, сүүн хурууд, ээзгийний шүүсээр чихэр, сүүгээр ээдүүлж сүүн ааруул зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ онцлон хэрэглэгчиддээ хүргэлээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа маш их онцлогтой боллоо. Энэ жил зохион байгуулалт маш сайн, шагнал урамшууллын хэмжээ нэмэгдсэн гэх мэтээр онцлох зүйл ихтэй болж өнгөрлөө.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news