Уран бичлэгийн дугуйлан хичээллүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-04 09:32:39

Ховд аймгийн Прогресс сургуулийн монгол хэлний багш Г.Бурмаа багш төрөлх нутагтаа бичгийн өв соёлыг дэлгэрүүлж, уран бичлэгийн дугуйлан хичээллүүлж, сурагчид багш нар төдийгүй сонирхсон хүмүүс ч суралцаж байна.

Г.Бурмаа багш сурагч байх үеэсээ Монгол бичгийн хичээлд үеийнхнийгээ хошуучилдаг байсан. Тэрээр Монголын сайхан бичигтэй улсын уралдаанд түрүүлж, Монгол Улсын Багшийн их сургуульд урилгаар суралцаж амжилттай төгсчээ.

Тэрээр “Уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, хүний дотоод сэтгэлийн мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг“ хэмээн хойч үеийнхэнд монгол бичгийн өв соёлыг түгээж яваа багш нарын нэг юм.

Бийрээр бичих нь хүний өдөр тутмын амьдрал, ааш араншинд ихээхэн нөлөөлдөг нэг төрлийн бясалгал болж өгдөг гэж хэлж болно. Эртний Монголчууд үр хүүхдээ тайван дөлгөөн,  тэвчээртэй, нухацтай болгохын тулд бийрийн эрдэмд сургадаг байсан уламжлалтай гэнэ.

Монгол уран бичлэг буюу калиграф нь монголчуудын оюуны соёлын үнэт өв төдийгүй ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн билээ. Өнөө үед монгол бичгийн хэрэглээ өргөжиж, төрөөс бодлогоороо дэмжиж байгаагийн үр дүнд монгол уран бичлэгийг сонирхож суралцагсдын тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа гэж тэрээр ярьсан юм.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн цөм хөтөлбөрт Монгол бичгийн олон тигийг заахаар тусгасан нь хүүхэд залууст бийрийн бичлэгийн урлагийг таниулах үүдийг нээж өгч байгаа нь сайшаалтай.

 

А.Бямбасүрэн

 

Related news