СҮХБААТАР: Хэвлэл мэдээллийн байгууллагууд бүсийн хэмжээнд хамтарч ажиллах нь үр дүнтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-22 16:04:36

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. МСНЭ-ээс жил бүр зохион байгуулдаг “Орон нутгийн сэтгүүлчдийн форум-2024 энэ сарын 17-19-ний өдрүүдэд Булган аймагт боллоо.


Улсын хэмжээнд 600 орчим хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг. Үүнд нийт 4000 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан байгаагаас 40 хувь нь орон нутагт ажиллаж байна.



Форумд 70 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан оролцож, олон төрлийн мэдээ мэдээллийг авсан юм. Энэ удаагийн форум сонгуулийн жилд болж буй гэдгээрээ онцлог. Тиймээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд сонгуулийн жилд хэрхэн яаж ажиллах талаар болоод сонгуулийн тухай хуулийн талаар СЕХоос мэдээлэл өглөө.


Мөн бүсчилсэн хөгжлийн зорилтод тулгуурлан хэвлэл мэдээллийн байууллагууд бүсийн хэмжээнд хэрхэн хамтарч ажиллах боломж, сонгуулийн үеэр хамтран санхүүжилт босгохын тулд төсөл хөтөлбөр бичиж сурах аргын талаар сургалт өгсөн нь шинэлэг байв.



Энэ талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар хэлэхдээ, "Манай салбарынхан зөвхөн дотооддоо бус бүсийн хэмжээнд хамтарч нэгдэх нь өнөө цагт илүү үр дүнтэй. Тиймээс яг энэ чиглэлийн төсөл хөтөлбөр боловсруулах тухай маш нарийн мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд өгч байна. Нөгөө талаар МСНЭ 2024 оныг “Ёс зүйг эрхэмлэх жил” болгон зарласан. Бид өөрсдөө үнэхээр ёс зүйтэй байж чадаж байгаа юу үгүй гэдгээ халуун тогоондоо ярилцаж байгаа нь ч бас нэг онцлог. Төр засагт ч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч асуудал байдаг. Тиймээс хууль эрхзүйн тал дээр нэгдсэн нэг ойлголтод хүрч, цааш явах нь чухал. Энэ тухай санал хүсэлтүүдээ хүргэсэн, мөн удахгүй болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр бид томоохон хэмжээний акцыг төв талбайд үзүүлж, дуу хоолойгоо хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Ер нь жил бүр хийдэг орон нутгийн форум маш өргөн ач холбогдолтой болдог" гэдгийг онцлон тэмдэглэв.


Энэ удаагийн чуулганыг МСНЭ, Булган аймаг дахь салбар зөвлөл болон тус аймгийн ЗДТГ, ИТХ хамтран зохион байгууллаа.



Булган аймгийн эдийн засгийн гол эх үүсвэр нь хөдөө аж ахуйн салбар хэдий ч 2020 оноос аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээ болгож, Булган аймгаар дамжин өнгөрч буй гадаад, дотоодын жуулчдын урсгалыг татахад орон нутгийн эдийн засгийг дэмжиж ажиллахыг чухалчилсан. Энэ хүрээнд аялал жуулчлалын болоод хөрөнгө оруулалтын форумыг жил бүр зохион байгуулж, түүнийхээ үр дүнг ч үзэж байна.


Хамгийн гол нь салбар хоорондын хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн ойлголцол, итгэлцэл, давуу талаа олон нийтэд хүргэж чадсан, богино хугацаанд хөрөнгө оруулалтуудыг маш сайн татсан зэрэг нь бидний том амжилт гэж харж байгаа. Мөн энэ хүрээнд үйлчлүүлэгчдийн таашаалд нийцсэн олон амралтын газар, баазыг ашиглалтад оруулж, бүтээн байгуулалтуудыг өрнүүллээ. Ингэснээр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, бизнес эрхлэгчдэд ч том дэмжлэг болсон. Булган аймаг цаашид хүний хөгжилдөө тулгуурлаж хөгжинө. Аймаг орон нутгийн хөгжил илүү  их гэрэл гэгээтэй байна гэдэгт бид итгэдэг. Өнгөрсөнд хийсэн, ирээдүйд хийх олон ажлыг, орон нутгийн хөгжил дэвшлийг үзэхээр газар газраас ирсэн сэтгүүлчид та бүхэнд маш их баярлалаа хэмээн аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нээлтийн үгэндээ тодотгосон юм.



Түүний танилцуулсан мэдээллээс хамгийн онцлох нь, дутагдаж буй хүний нөөцөө нэмэгдүүлэх, чадавхжуулах ажлыг гадаад харилцаатайгаа уялдуулж чадсан явдал байлаа. Учир нь эдийн засгийн голлох салбар нь ажиллах хүчний хомсдолд орох эрсдэл бий болж, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин нэн шаардлагатай болжээ. Иймд шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх, цаашлаад орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд оюутан, залууст дөрвөн жилийн хугацаанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, гадаадын их, дээд сургуулиудад сургаж байна. Тодруулбал, малын эмчээр ОХУ-ын Буриадын ХААИС-д, эдийн засагч, эрчим хүч, IT инженер чиглэлээр БНСУ-д Булганы хүүхэд, залуус суралцаж байна. Эцэг эх, оюутан, аймгийн ЗДТГ гэсэн гурвалсан холбоогоор дамжуулан сум бүрээс нэг оюутныг уг тэтгэлэгтээ хамруулжээ.



Хоёр өдөр үргэжилсэн форумаар дээрх дурдсанчлан олон асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Булан аймагтай танилцсан юм.


Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх, гарц шийдлийг тодорхойлох зорилгоор зохион байгуулдаг форум ирэх жил Орхон аймагт болно. 

Related news