Зар сурталчилгааны самбараар порно кино гаргасан залууг 6 жил хорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-10-05 14:52:01

ЖАКАРТА./Rappler/.Индонезийн Жакарта хотын нэгэн зар сурталчилгааны цахилгаан самбарыг хакердаж, оргил цагаар порно кино гаргасан залууг зургаан жил хорих ялаар шийтгэж магадгүй гэж цагдаа нар мэдэгдэв.

Өнгөрсөн баасан гарагт Жакарта хотын автозамын томоохон уулзварт байрлах сурталчилгааны цахим самбарт 10 минутын турш  "Watch Tokyo Hot” гэдэг япон кино гарч, жолооч нарын анхаарлыг сарниулжээ.

Уг эротик кино гарч эхэлснээс хойш удалгүй цахилгааныг салгаж унтраасан боловч кинонд гарах хосын халуухан үйлдэл жолооч нарын гар утсанд бичигдэн үлдэж, улмаар олон нийтийн сүлжээгээр тарсан байна.

Порно цахим хуудсанд нэвтрэх, телевизийн хөтөлбөр болон кинонд эротик хэлбэрийн үйлдлүүдийг гаргахыг Индонезид хориглосон ажээ.

“Уг хэргийг үйлдсэн залууг цагдаа нар баривчилсан. Залуу хэргээ хүлээсэн. Тэрбээр энэ хэргийг ганцаараа үйлдсэн гэж хэлсэн. Гэхдээ тэр ганцаараа байсан эсэх болон өөр зорилготой байсан эсэхийг бид шалгаж байна” гэж Жакарта хотын цагдаагийн газрын дарга Мочамад Ириаван мэдэгдэв.

Д.Нямтулга

 

 

Related news