ДУНДГОВЬ: Генералууд хошой чин ван Чагдаржавын хөшөөнд цэцэг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-30 09:38:35
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ойг тохиолдуулан 4 дүгээр сарын 29-нд Дундговь аймгаас төрөн гарсан генералуудад хүндэтгэл илэрхийлж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын хүндэтгэлийн жагсаалыг Мандалговь хотын төв талбайд зохион байгуулав.


Үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга асан, хошууч генерал Жамцын Содном, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай, Монгол Улсын анхны эмэгтэй генерал цолтон, бригадын генерал Ганболдын Болор нар оролцож, тэргүүн сайд, түшээт засаг, хошой чин ван Г.Чагдаржавын хөшөөнд цэцэг өргөж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын анхдугаар чуулга уулзалтад оролцжээ.



БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн энэхүү дээд цолыг олгосон цагаас хойш Дундговь аймгаас зургаан генерал төрөн гарчээ.


Морьт отрядын жанжин Чимидийн Мижид 1944 онд Хошууч генерал цол хүртсэн бөгөөд тэрээр 1932 онд баруун аймгуудад гарсан зэвсэгт бослогыг дарах үйл хэрэг, 1939 оны Халхын гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн сайн дурын морьт отрядуудыг удирдан Долнуурын чиглэлд байлдааны үүрэг гүйцэтгэж байжээ.


Мөн Дэлхийн хоёрдугаар дайны үед Монголын ард түмнээс Зөвлөлтийн улаан армид хүргэх 3 дахь цувааны нэг хэсгийг ахлан Москва хотноо хүргэж өгч байсан аж. Тэрээр хоёр удаа Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, Алтангадас одон, Тува улсын Хөдөлмөрийн одон, ЗХУ-ын медалиар тус тус шагнуулж байсан.


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хошууч генерал Жамцын Содном 1981 онд ШШГЕГ-аас анх удаа генерал цол хүртсэн юм. Тэрээр 1966-1972 онд Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, 1973 онд Увс аймгийн Аюулаас хамгаалах хэлтсийн дарга, 1976-1989 онд ШШГЕГ-ын дарга, ЦЕГ-ын орлогч даргаар ажиллаж байжээ.


Хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай 2009 онд Бригадын генерал цол, 2011 оны тавдугаар сарын 25-ны өдөр албан тушаалын зэрэглэлийн хошууч генерал цол хүртсэн. Тэрээр 2003 оноос Ирак улсад дайны дараах сэргээн босголт, тогтвортой байдал бий болгох Иракийн эрх чөлөө ажиллагаанд, 2005-2006 онд НҮБ-ын мандаттай Сьерра-Леон улс дахь энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багийн анхны ээлжүүдийг удирдан ажиллаж байжээ.


Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Пэлжээгийн Одонбаатар 2021 оны 7 дугаар сард хошууч генерал цол хүртсэн. Тэрээр Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, албаны дарга, Орон нутгийн газрын даргаар ажиллаж байгаад 2020 оны 8 дугаар сараас Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байна. 


Бригадын генерал Ганболдын Болор 2022 оны 3 дугаар сард Бригадын генерал цолоор шагнуулсан, Монгол Улсын анхны эмэгтэй генерал цолтон. Тэрээр 2009-2010 онд Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “MINURCAT” ажиллагаа, Хүчний штабт хүний нөөцийн мэргэжилтэн, 2013-2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаа, Хүчний штабт Холбооны хэлтсийн дарга, 2015-2016 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтэн, 2016-2017 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт ахлах мэргэжилтнээр ажиллажээ.


Бригадын генерал С.Баатаржав 2019 онд Бригадын генерал цолоор шагнуулсан. 1990 оноос Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, Сум дундын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Эрүүгийн ажил эрхэлсэн тасгийн дарга, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, ЦЕГ-ын Тамгын газрын Хяналт, шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч, Улсын мөрдөн байцаах газрын дарга, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, ЦЕГ-ын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан.

2017 оноос ЦЕГ-ын дарга, дотоод цэргийн командлагчаар ажиллаж байгаад 2021 оны зургадугаар сараас Монгол Улсаас Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогджээ.













Related news