БАЯНХОНГОР: Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн мандатын тоог 35 байхаар тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-02 13:18:18

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойргийг 29, мандатын тоог 35 байхаар тус тус тогтоолоо.

Аймгийн ИТХ-ын ээлжит бус 19 дүгээр хуралдааныг цахимаар хуралдан, аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог хэлэлцэн баталсан юм. Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь заалтыг үндэслэн Баянхонгор аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойргийг дээрх байдлаар тогтоов. Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо зэргээс шалтгаалж тойргуудад 1-2 мандаттай байхаар тусгажээ.


УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024.03.15-ны өдрийн нэгдсэн хуралдаан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Ийнхүү аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар тогтоолын төслийг баталсан юм.

Чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаагүй бөгөөд одоо байгаа хүчин төгөлдөр хуулиар зохицуулна.


Ташрамд, 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулиар Баянхонгор аймгийн хэмжээнд 28 тойргоос 41 төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаа юм. Шинэ тогтоолоор 29 тойрогтой болж, зургаан мандат хасагдан 35 төлөөлөгчийг сонгохоор болж байна.

Related news