ТӨВ: Хоёр жилийн хугацаанд 187 анхан шатны хоршоо, 7 дундын хоршоо шинээр байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 2021-2023 онд 187 анхан шатны хоршоо, 7 дундын хоршоо шинээр байгуулж, 88 хоршоонд тусгай сангуудаас 2.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хангахаар 2021 оноос “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг боловсруулсан. Төлөвлөлтийн ажлыг мах, сүү бэлтгэлийн системийг сумдын хоршоодод суурилан эхлүүлсэн юм.
Уг ажил эхэлснээр 2021-2023 онд сүү
бэлтгэлийн хоршоод 2021-2023 онд 5.3 сая литр сүү бэлтгэн нийлүүлж, 4.4 тэрбум
төгрөгөөр орлого нэмэгдсэн байна.
Мах бэлтгэлийн 18 хоршоо орон нутгийн болон үндэсний мах боловсруулах үйлдвэрүүдэд 2.4 мянган тонн мах бэлтгэн нийлүүлж 1.2 тэрбум төгрөгөөр орлого нэмэгджээ.
Хоршоо анхан шатны болон дундын гэсэн хэлбэртэй байна. Анхан шатны хоршоог ес ба түүнээс дээш иргэн хамтран байгуулж болно. Хоршоо болон хуулийн этгээд хамтарч дундын хоршоо байгуулж болно. Дундын хоршооны гишүүдийн 51-ээс доошгүй хувь нь хоршоо байна.