ТӨВ: Аймгийн хэмжээнд 28845 өрх амьдарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Төв аймаг 91786
хүн амтай, 28845 өрх амьдарч байна. Монгол Улс 2003 оноос эхлэн 21 дэх
жилдээ Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдрийн хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн талаар Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ахлах мэргэжилтэн М.Анхчимэгээс тодрууллаа.
“Аймгийн хэмжээнд Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Энэ сарын 9-18-ны өдрүүдэд “Хосоо ойлгоё” гэр бүлийн харилцааны сургалтыг Бумбардай, Дэгдээхий, Бүжинхэн цэцэрлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Эрүүл мэндийн газар, Улсын бүртгэлийн хэлтэст зохион байгуулахаар төлөвлөөд байна.
“Шилдэг гэр бүл” болох Цээл сумын П.Баярсайханы гэр бүлийг алдаршуулах нэвтрүүлгийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан бол “Хосын яриа” нэвтрүүлгийг 5 дугаар сарын 15-ны өдөр хүртээл болгохоор бэлтгэж байна. Мөн Гэр бүлийн андгай өргөх ёслолыг Сэргэлэн сумын ЗДТГ-т 5 дугаар сарын 23-нд зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.
Манай улс
дэлхийн чиг хандлагад нийцүүлэн энэ өдрийг тодорхой агуулгын дор гэр бүлийн
үнэ цэн, уламжлал, эерэг харилцаа, гишүүдийн тэгш оролцоо, хариуцлагыг
нэмэгдүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлыг нэгдсэн зохион
байгуулалттайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг.