ДУНДГОВЬ: "Дуу хуурын өлгий нутгийн домогт хоньчин баатар" номын нээлт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-20 17:07:58
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, Хөдөлмөрийн баатар Бямбын Дашзэвгийн намтар, мал маллагааны арга туршлагыг мөнхөлсөн “Дуу хуурын өлгий нутгийн домогт хоньчин баатар” ном уншигчдын гарт очиход бэлэн боллоо. Номын нээлтийг Мандалговь хотод зохион байгууллаа.


Түүний намтар, мал маллагааны арга туршлага, сонинд гарсан ярилцлага, шавь нарын нь туршлагыг сэтгүүлч, редактор Сугир-Очирын Мөнхжаргал эмхэтгэн хэвлүүлжээ.



Дундговь аймгаас Хулд сумын тэмээчин Б.Эс, Дэлгэрхангай сумын малчин Ж.Жагварал, Адаацаг сумын малчин Б.Дашзэвгэ, Хулд сумын малчин Ц.Дагва, Эрдэнэдалдай сумын адуучин Н.Ичинхорлоо, Өлзийт сумын тэмээчин Д.Цэнд нарын Хөдөлмөрийн баатар малчин 6, Гавъяат нэгдэлчин нэг, Гавъяат малчин 5, Улсын аварга малчин өрх 192, Улсын аварга саальчин 4 төрөн гарчээ.


Хөдөлмөрийн баатар Б.Дашзэвгэ 1932 онд малчин ард С.Бямбын хоёр дахь хүү болон төрсөн Хөлд орох цагаасаа аав, ээж, өвөөгөө даган шилбүүр унаж, хурга, ишиг хариулан, мал маллах ажилд дуртай болж өссөн хүү 12 насандаа ээжийгээ алдаж, дөрвөн дүүгээ хүн болгохын тулд амьдралын хүндийг үүрч, хөдөлмөрлөсөөр эрийн цээнд хүрчээ.

Тэрээр 1952 онд Дорнод аймгийн 5 дугаар мрьт дивизэд цэргийн алба хааж, 1956 оноос Адаацаг сумын нэгдэлд хоньчин болон 1989 он хүртэл ажиллахдаа малын хорогдол гаргалгүй нэг малаас авах ноос, мах, ашиг шимийн үзүүлэлтээрээ 27 удаагийн аварга болж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байжээ. Түүний амжилтыг үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа шагнуулж, 1974 онд Улсын аварга малчин, Хошой аварга болж, 1989 онд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонгоор шагнуулсан байна. Түүнтэй багш, шавийн барилдлагатай болж, багшийнхаа арга туршлагаар Монгол Улсын аварга малчин болсон 9 хүн байна. Тодруулбал, Гавъяат малчин Ж.Дашзэгвэ, Монгол Улсын хошой аварга малчин Г.Бүдсүрэн, Улсын аварга малчин Ж.Батсайхан, Ё.Өлзийбат, Б.Амгалан, Б.Баасанжав, Ж.Банди, Д.Амаржаргал, Ш.Энх-Амгалан нар болон аймгийн аварга олон малчин төрөн гарч, багшийнхаа алдрыг мөнхжүүлжээ.


Хөдөлмөрийн баатар хоньчин Б.Дашзэвгэ хэлэхдээ “Хонь хариулах гэдэг бол өглөө эрт бэлчээгээд нар жаргасан хойно хотлуулахын нэр биш, малчнаас нарийн арга ухаан, эв дүй шаарддаг ажил. Улирлын байдалд зохицуулан хариулах, тарга хүч авхуулах, авсан тарга хүчийг нь тогтоох, цаашид ашиг шимийг нь нэмэгдүүлэх асуудал юм. Бэлчээрийн мал аж ахуйн нөхцөлд улирлын байдалд тохируулан маллах нь хамгийн чухал. Тэгж маллаж чадвал сая үр дүнд хүрнэ” хэмээн шавь нараа сургадаг.



“Дуу хуурын өлгий нутгийн домогт хоньчин баатар” номд бог малыг зун хотгүй отроор маллах, зуны отор хийхдээ уулын дунд бүс, сэрүүвтэр газрыг сонгон нутаглах, аль болох соргог бэлчээр сонгох, бэлчээрийг өдөр бүр, хэвтрийг 7 хоног бүр сольж байх, малаа саадаг, саадаггүйгээр нь ялгаж маллах зэрэг зөвлөгөө, хариулга, маллагааны арга, бэлчээр сонгох, отор нүүдлээ оновчтой хийх, төл бойжуулах арга зэрэг мал маллагааны маш олон зөвлөмжийг багтаажээ.


Номын нээлтийн үеэр хоньчин баатар Б.Дашзэвгэ өөрийн сэтгэгдэл, бага насны дурсамжаа хуваалцаж, “Энэ номын нээлт бол миний сэтгэлийг нээж, санааг баяжуулж, баярлуулсан сайхан үйл явдал болж байна. Тиймээс хүрэлцэн ирсэн шавь нар, аймаг, сумын удирдлагууд, сэтгүүлч Мөнхжаргал, цаг уурч Шагдарсүрэн нар болон өөрийн отгон дүү, үр хүүхдүүд, ач зээ нартаа талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.



Номыг эмхэтгэн бичсэн, сэтгүүлч С.Мөнхжаргал хэлсэн үгэндээ домог болсон баатрын амьдралаар бичсэн энэ ном олон залуу малчдад гарын авлага болж, сургамж, зөвлөгөө өгнө гэдэгт итгэлтэй байна гээд домогт баатрын тухай бичнэ гэхээр сүрдэж, басхүү балмагдаж байснаа дурссан юм. 




Related news