ДУНДГОВЬ: Бага газрын чулууны "Гэр" хаднаа хүрэл зэвсгийн үеийн дурсгал хадгалагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-21 14:13:43
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос 230 км, Дэлгэрцогт сумаас баруун хойш 35 км зайд оршдог, өндөр уулгүй, эргэн тойрон талархаг газраар хүрээлэгдсэн 300 орчим ам дөрвөлжин талбай бүхий хад, чулуутай уулын тогтоц бол Бага газрын чулуу юм. Хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 1768 метр өргөгдсөн


Бага газрын чулууны уулын ам, хөндийд Жаргалантын агуй, Сөдөтийн ам, нүдний рашаан, Гэр хад гэх мэт жуулчдын сонирхлыг татах газар олон бий.


Гэр хад Бага газрын чулууны зүүн захад оршдог ба энд хүрлийн үеийн хиргисүүр болон булш бий. Гэр хадны өмнөх хадан дээр хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зургууд дүрслэгдсэн байдаг.


Хадны сүг зургийг дүрслэхдээ хурц иртэй зүйлээр дүрсээ их биеийг товойлгон гаргах байдлаар дүрсэлсэн нь судлаачдын сонирхлыг татдаг. Ихэвчлэн ан амьтан буга, гөрөөс, янгирыг дүрсэлжээ. Гэр хадны зүүн хананд улаан зосон зураг байх ба энэ нь он цагийн уртад байгалийн нөлөөгөөр бүдгэрсэн байна.


Түүнээс холгүй орших өндөр хаднаа хоёр том буга зурсан нь улаандуу өнгийн хадан дээрээс ихээхэн тод харагддаг. Бугуудыг яг биет байгаа байдлынх нь хэмжээгээр дүрсэлсэн гэж үздэг. Тухайлбал, нэг бугын зургийн хэмжээ нь 170 см урт, 90 см өргөнтэй.


Гэр хадны зураг нь он цагийн хувьд мезолит болон хүрэл зэвсгийн сүүл, төмөр зэвсгийн эхэн үед хамаардаг юм. 







Related news