ОРХОН: Баян-Өндөр хайрхныг энэ сарын 24-нд тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-22 09:27:59
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/ Зуны эхэн сарын шинийн 16,17-нд буюу энэ сарын 24, 25-нд Долоон бурхан од, Баян-Өндөр хайрхны тахилга болно. 


Уг тахилгыг 2011 оноос хойш Хутагт ламын Гандан шаддүвлин хийд, Гончигсүмлэн хийдийн санаачилгаар жил бүр хийж байна. Энэ жил Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн рашааны эхэнд Долоон бурхан одны тахилгаар эхэлнэ. Харин Баян-Өндөр хайрхныг тахих ёслол бямба гарагт өглөөний зургаан цагт болно.


Тахилгын үеэр лам, хуврагууд 8 тахил, 7 эрдэнийг залж 4 зүг, 8 зовхист сум харван, аргамаг хүлэг сэтэрлэх зан үйл хийнэ. Иймд иргэд тахилгын ёслолд оролцохдоо мөр бүтэн хувцаслаж цайны дээжээ бэлтгэж ирэхийг санууллаа.


Баян-Өндөр хайрхан нь өвөр талдаа Эрдэнэт уул, ард талдаа Хүрэн бургастайн нуруу, баруун, зүүн талдаа Их, Бага залуу, Баянцагаан, Даваатын уулсаар хүрээлүүлсэн  юм.


Баян-Өндөр хайрхныг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэрийг 1998 онд ИТХ-аас гаргаж байжээ. 

Related news