Лондон дахь АНУ-ын ЭСЯ түгжрэлийн төлбөр төлөхөөс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-22 15:15:50

ЛОНДОН, 2024 оны тавдугаар сарын 22 /CNN/. Их Британийн нийслэл Лондон хот дахь АНУ-ын Элчин сайдын яам 18.6 сая гаруй ам.долларын түгжрэлийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна гэж тус хотын тээврийн сүлжээг хянадаг Transport for London /TfL/ байгууллага мэдээлжээ


Уг төлбөрийг Лондоны замын хөдөлгөөний түгжрэл ба агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2003 онд тогтоосон байна. Түгжрэл ихтэй бүсэд зорчиж буй жолооч нар ажлын өдрүүдэд өглөөний 7-18 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 12-18 цагийн хооронд өдөрт 19 доллар төлөх ёстой.


TfL”-ийн зүгээс "төлөгдөөгүй бүх хураамжийг нэхэмжлэх болно, энэ асуудлыг Олон улсын шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй" гэж мэдэгдсэн байна. Харин АНУ-ын ЭСЯ төлбөрөө төлөхөөс татгалзаж, дипломат халдашгүй эрхтэй гэдгээ мэдэгджээ.


Дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвенцид тусгагдсан олон улсын хууль тогтоомжийн дагуу түгжрэлийн төлбөрөөс дипломат төлөөлөгчийн газрууд чөлөөлөгдөх ёстой гэж АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. “Бидний энэ байр суурийг Лондон дахь бусад дипломат төлөөлөгчийн газар мөн баримталдаг” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Харин “TfL” компани "Лондоны түгжрэлийн төлбөр бол татвар биш үйлчилгээний хөлс учраас дипломатчид үүнийг төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж мэдэгджээ. Түүнчлэн дипломат шугамаар гомдол мэдүүлснийг үл харгалзан төлбөрөө төлөөгүй цөөн тооны ЭСЯ-дыг зарлаж, зөрчил гаргагчдын урт жагсаалтыг нийтэлжээ.


TfL-ийн мэдээллээр, 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 161 ЭСЯ, дээд комисс, консулын газар нийтдээ 182 сая гаруй долларын түгжрэлийн төлбөрөө төлөөгүй байна. Тодруулбал, Японы ЭСЯ 12.8 сая долларын өртэйгээр АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байна.


АНУ-ын ЭСЯ уг төлбөрийг төлөх эсэхтэй холбоотой маргаанд анх удаа холбогдож байгаа нь энэ биш юм. 2005 оны долоодугаар сард тус ЭСЯ дипломат ноот бичиг гаргаж, уг төлбөрийг АНУ-ын Засгийн газар, түүний дипломат болон консулын ажилтнууд эсвэл цэргийн хүчинд хууль ёсоор ногдуулах ёсгүй татвар гэж мэдэгдэж байжээ. ЭСЯ эхэндээ төлбөрөө төлж байсан боловч 2005 оны долоодугаар сарын 12-ноос төлөхөө зогсоосон байна.


2020 онд Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдэхдээ, Британийн албаны хүмүүс төлөөгүй торгууль, өрийг барагдуулах, тэр дундаа түгжрэлийн төлбөр-ийг төлүүлэхийн тулд хэд хэдэн дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагуудын удирдлагатай уулзалт хийсэн гэж байв. “Дипломатчдыг төлбөрөөс чөлөөлөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж бид үзэж байна хэмээн Их Британийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.

 

 


Related news