Хятадын арми Тайванийн эргэн тойронд сургууль хийж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-05-23 10:12:46

БЭЭЖИН, 2024 оны тавдугаар сарын 23 /RIA Novosti/. Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн цэргийн командлал Тайванийн эргэн тойронд хамтарсан сургуулилалт эхлүүлсэн тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээллээ.  


Тайванийн засаг захиргааны шинэ тэргүүн Лай Чиндэ тангараг өргөснөөс гурав хоногийн дараа Хятад улс цэргийн сургууль хийж байна. Тэрбээр өмнөх тэргүүн Цай Ин Вэний арлыг тусгаар улс болгох бодлогыг үргэлжлүүлэх төлөвтэй байна. “Тайванийн тусгаар тогтнол нь Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд нийцэхгүй, Тайвань бол "Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг, Тайванийн хэрэг бол Хятадын дотоод хэрэг" гэж Хятадын эрх баригчид нэг бус удаа мэдэгдсэн юм.


“Зүүн бүсийн цэргийн командлал Тайванийн хоолой, Тайвань арлаас хойш, урагш, зүүн хэсэгт, мөн Кинмен, Мацу, Вукиу, Доньин арлуудын орчимд хамтарсан сургуулийг тавдугаар сарын 23-ны 7.45 цагаас эхлүүллээ" гэж Хятадын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. 


Тавдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд болох сургуулилалтад хуурай зам, тэнгис, агаарын цэргийн хүчний болон пуужинт ангийн цэргүүд оролцоно гэж Зүүн бүсийн цэргийн командлалын албан ёсны төлөөлөгч Ли Си мэдэгдсэн байна. 

Related news