“Мэтью” хар салхи 339 хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-10-07 11:29:29

МОСКВА. /Sputnik/. Карибын тэнгист дэгддэг маш хүчтэй “Мэтью” гэдэг хар салхи дайран өнгөрсөний улмаас наад зах нь 339 хүн амиа алдсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох Гаити улс энэ хар салхинд хамгийн ихээр өртсөн бөгөөд амь эрсэдсэн тохиолдлуудын ихэнх нь тус улсад бүртгэгджээ. Гаитигийн Иргэний хамгаалалтын газар мэдэгдэхдээ “хар салхины улмаас амь үрэгдэгсдийн тоо 264 болж нэмэгдлээ” гэв.

Тус улсад хар салхины улмаас байшин барилгууд, зам гүүр эвдэрч нуржээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, Гаитид наад зах нь 350 мянган хүнд, тэдний дотор 2010 оны газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болж, өдийг хүртэл майханд амьдарч байгаа хүмүүст яаралтай тусламж хэрэгтэй байна.

НҮБ-ын тусламжийн агентлагууд Гаитигийн засгийн газрын хүсэлтээр тус улсад тусламж үзүүлэхээр ажиллаж байна.

Г.Доржханд


 

Related news