Дели хотод агаарын хэм түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-05-30 11:44:10

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны тавдугаар сарын 30 /CNN/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод агаарын температур Цельсийн 49.9 хэм буюу Фаренгейтийн 121.8 хэм хүрч халсан тул усны хязгаарлалт хийхээс аргагүйд хүрчээ. 


Нийслэл хотын захын Мунгешпур дүүрэгт ингэж халсныг Энэтхэгийн Цаг уурын алба бүртгэсэн байна. Делид 2022 оны тавдугаар сард Цельсийн 49.2 хэмийг /Фаренгейтийн 120.5 хэм/ давж халж байсан билээ. 


Дели хотын зарим дүүрэгт ус авахад хүндрэлтэй байгаа бол зарим нь огт усгүй байна гэж Делигийн засаг захиргааны сайд Атиши Марлена Сингх хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Өдөрт хоёр удаа ус авдаг байсан бүсүүдэд одоо нэг болгон бууруулж, хэмнэсэн нөөцийг усны хангамж доголдсон эсвэл огт усгүй газрууд руу нийлүүлэх ажээ.


Делид төдийгүй Энэтхэгийн баруун хойд нутгаар мөн хэт халж байна. Тухайлбал, Ражастан мужийн Чуру хотод агаарын температур Цельсийн 50.5 хэмд /Фаренгейтийн 122.9 хэм/ хүрч халсан бол Харьяна мужийн Сирса хотод термометр Цельсийн 50.3 хэмийг заажээ.


Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын хямралын улмаас дэлхийн ихэнх оронд хэт халах үзэгдэл нүүрлэж, аагим халуун болж байна. Энэтхэгийн хувьд хэт халуунд илүү өртөмтгий байдаг бөгөөд зарим газарт хүний ​​​​амьдрах чадварт нөлөөлж буйг мэргэжилтнүүд хэллээ.


Тус улсад 1992 оноос хойш хэт халууны улмаас 24 мянга гаруй хүн нас барсныг нэгэн судалгаагаар тогтоожээ. Ирэх жилүүдэд халалт улам ихсэх төлөвтэй байгаа нь Энэтхэгийн хөгжилд саад учруулж, ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, эдийн засгийн өсөлтөд гарсан ахиц дэвшлийг үгүй хийх эрсдэлүүдийг бий болгоно гэж уг судалгаанд дурджээ.

 


Related news