Филиппинд галт уул идэвхэжсэний улмаас нислэг цуцлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-06-04 11:06:27

БАНГКОК, 2024 оны зургаадугаар сарын 4 /TASS/. Филиппиний Негрос арлын Канлаон галт уул идэвхэжсэний улмаас дотоодын 30 орчим нислэг цуцлагдсан тухай тус улсын мэдээллийн агентлаг мэдээлэв.


Эрх баригчид мөн галт уулын ойролцоо оршин суудаг нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж байна. Одоогоор 200 орчим хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.


Филиппиний Галт уул, газар хөдлөл судлалын хүрээлэнгээс даваа гарагт мэдээлснээр, галт уулын үнс 5 км-ийн өндөрт цацагдсан байна. Галт уулын дэлбэрэлт зургаа орчим минут үргэлжилсэн бөгөөд үүний өмнө галт уулын идэвхжлээс үүдэлтэй харьцангуй хүчтэй газар хөдлөлт болжээ. "Гэнэтийн дэлбэрэлт, чулуу, хөрсний нуралттай холбоотой эрсдэлийг багасгахын тулд сонор сэрэмжтэй байж, 4 км-ийн радиус бүхий аюултай бүсээс гарахыг олон нийтэд зөвлөж байна. Галт уулын гэнэтийн дэлбэрэлтээс цацагдсан үнс нисэх онгоцонд аюултай байж болзошгүй тул галт уулын орой орчмоор нисэхгүй байхыг Иргэний нисэхийн удирдлагууд нисгэгч нарт зөвлөх хэрэгтэй" гэж тус хүрээлэнгийн мэдэгдэлд дурджээ.


Филиппиний идэвхтэй галт уулуудын нэг болох Канлаон нь Негрос арлын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт оршдог бөгөөд жуулчдын очих дуртай газруудын нэг юм. 2.4 мянга гаруй өндөр уг галт уул хамгийн сүүлд 2017 онд идэвхжиж байжээ. 

Related news