ДУНДГОВЬ: Улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс 8 медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс Дундговь аймгийн тамирчид 2 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ. Тэмцээнийг 5 дугаар сарын 29-31-нд Дорнод аймагт зохион байгуулж, нийслэлийн 4 дүүрэг, 20 аймгийн 500 гаруй тамирчин оролцжээ.
Тус аймгийн Эрдэнэдалай сумын харьяат тамирчин Э.Сүмбэрмаа бөөрөнцөг шидэлтийн охидын төрөлд алтан медаль хүртсэн бол мөн
сумын тамирчин У.Дашцог 800 м гүйлтийн төрөлд мөнгөн медалийн эзэн боллоо. Мөн
хөнгөн атлетикийн 4х400 төрөлд 14-15 насны хөвгүүдийн баг алт авсан байна.
Зээрэнцэг шидэлтийн хөвгүүдийн төрөлд Сайнцагаан сумын
Мандал сургуулийн тамирчин Э.Очирваань, 400 м гүйлтийн төрөлд Эрдэнэдалай сумын
оролцогч Э.Энхрагчаа нар амжилт гаргаж, хүрэл медалиар шагнуулсан байна.
Түүнчлэн 4х100 төрөлд 16-17 насны охидын болон хөвгүүдийн
баг, 4х400 төрөлд 16-17 насны хөвгүүдийн баг тус бүр хүрэл медаль авчээ.
Багийн нийлбэр дүнгээр нийслэлийн 4 дүүрэг, 20 аймгаас
14-15 насны төрөлд 9 дүгээр байр, 16-17 насны төрөлд 8 дугаар байр тус тус эзэллээ.