Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг 14 дэх жилдээ зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2024-06-06 11:45:06

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газраас “Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг энэ сарын 5-7-нд Туул гол орчимд зохион байгуулж байна.


Дадлага сургуулийг алба хаагчдын уснаас эрэн хайх, аврах ажиллагааны ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, гол, усны ослоос аврах ажиллагааны дадлага олгох, техник, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор 14 дэх жилдээ зохион байгуулж буй юм.


Алба хаагчид уснаас эрэн хайх, аврах ажиллагааны журам, удирдлага зохион байгуулалт, шумбалт тандалт, нэрвэгдэгчдийг аврах  завинд дамнуурга ашиглан тээвэрлэх, үерийн ус болон гол, нуур цөөрөмд боогдсон иргэдийг нүүлгэн шилжүүлж аюулгүй бүс рүү тээвэрлэх, усанд осолдсон нэрвэгдэгчдэд анхан шатны тусламж үзүүлэх чиглэлээр онолын болон бодит дадлагуудыг гүйцэтгэх юм.


Энэ жил Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгээ дээшлүүлж, дадлага эзэмшиж байна. НОБГ-ын Аврах анги, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын нийт 70 гаруй алба хаагч хамрагдаж байна.

 







Related news