Монгол, Лаос улс тээвэр ложистик, мал аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-06-11 17:51:59

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол-Лаос улсын дугуй ширээний бизнес уулзалт өнөөдөр МҮХАҮТ-д боллоо.


ГХЯ, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан хоёр талын уулзалтад манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн бүрэлдэхүүнд ирсэн, тус улсын Аж үйлдвэр, худалдааны сайд Малайтон Коммасит тэргүүтэй бизнес, худалдааны төлөөлөл оролцлоо. 

Лаос улсаас эрчим хүч, газрын тос, тээвэр, ложистик, цахимжилт, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн 9 компанийн 30 гаруй төлөөлөл, Лаосын ХАҮТ-ын удирдлага оролцлоо.




Лаос улсын Аж үйлдвэр, худалдааны сайд Малайтон Коммасит Монгол Улсад айлчилж буйдаа баяртай байна гээд, хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Лаосын тал талархалтай хүлээн авч байна гээд хоёр талын бизнесийнхнийг хамтран ажиллахыг уриаллаа. Тэрбээр Лаос улсын эдийн засаг, нийгмийн байдлыг Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хэмжээнд танилцуулж, тус улсад усны, нар, салхины зэрэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буйг мэдээллээ. Тухайлбал, тус улсын сэргээгдэх эрчим хүчний томоохон компанийн нэг "Энержи де Лаос" группийн төлөөлөл Монголд ирээд байгааг танилцуулав. 


Лаос улсад усны, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буйг танилцууллаа.


Хоёр улс хэдийгээр эртний түүхэн харилцаа, олон жилийн уламжлалт хамтын ажиллагаатай ч чөлөөт эдийн засагт шилжсэн 1990-ээд оноос хойш хоёр улсын хоорондох эдийн засаг, худалдааны эргэлт тун бага хэмжээнд явж ирсэн. Үүнийг сэргээж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг хоёр талын төлөөлөл уулзалтын үеэр илэрхийлж байлаа.




Уулзалтад Монгол Улсын талаас ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, компани, ААН-үүдээс “Брайт ложистик”, “Эйр фокус”, “Орика Монголиа”, “Санко маркетинг”, “Стар импекс”, “Талын хишиг транс”, “Төв Азийн зам”, “Гранд Од арвин”, “Оргил кондитер”, “Их говийн илч”, “Номин трейд” зэрэг олон улсын тээвэр зууч, тээвэр ложистик, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, хүнсний, бөөний худалдааны компаниудын төлөөлөл, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нар оролцлоо.


Уулзалтын үеэр хоёр улс зам тээвэр, ложистик, мал аж ахуй, аялал жуулчлал, анагаах ухаан, эрчим хүчний салбарт, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний шилжилтээр хамтран ажиллах боломжтойг хөндсөн юм.

 

Related news