Домогт сагсанбөмбөгч Жерри Уэст таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-06-13 09:31:00

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Сагсан бөмбөгийн домогт тамирчин, Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/ логонд дүрээ мөнхөлсөн Жерри Уэст 86 насандаа таалал төгссөн талаар Лос-Анжелес Клипперс баг лхагва гарагт мэдэгджээ.


Ж.Уэст Лос-Анжелес Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд НБА-ийн финалд есөн удаа оролцож, 1972 онд аварга болж байлаа. Мөн тэрбээр 14 жил тоглохдоо улирал бүр НБА-ийн Бүх оддын тоглолтод оролцож байсан юм.


Сагсан бөмбөгийн асар өндөр ур чадварыг биеэр үзүүлсэн, өөрийг нь таньдаг бүх хүний анд найз нь байсан Жерри Уэст өнөө өглөө 86 насандаа амгалан нойрслоо. Түүнийг эцсийн амьсгалаа хураахад эхнэр Карен нь дэргэд нь байлаа” гэж Клипперс” багийн мэдэгдэлд дурджээ.


Ж.Уэст лигийн түүхэнд Уилт Чемберлен, Оскар Робертсон нарын дараа 25 мянган оноо авсан гурав дахь тоглогч болж, 25 192 оноотойгоор зодог тайлж байжээ. Түүнчлэн 1960 онд Ром хотноо болсон Олимпоос алтан медаль хүртсэн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан билээ.


Тэрбээр 1974 онд сагсанбөмбөгчний карьераа өндөрлүүлсэн бөгөөд түүнээс хоёр жилийн дараагаас дасгалжуулагчийн эгнээнд шилжиж, Лейкерс багийг гурван улирал дасгалжуулж байлаа. Түүний дараа тус багийн менежер болж, 1980-аад оны Showtime Lakers гэгддэг түүхэн үеийг бүтээхэд хувь нэмрээ оруулж, арван жилийн хугацаанд багаа таван удаа түрүүлүүлж байсан билээЛейкерс”-тэй хамтран ажиллах хугацаа нь 2000 онд дуусгавар болсны дараа Ж.Уэст Мемфис Гриззлис, Голден Стэйт Уарриорз”, Лос-Анжелес Клипперс багуудад ажиллаж байв.


НБА-ийн Комиссар Адам Силвер мэдэгдэхдээ, “Жерри Уэст сагсан бөмбөгийн суут ухаантан байсан бөгөөд 60 гаруй жилийн турш лигийг тодорхойлсон эрхэм байлаа” гэжээТоглогч болоод удирдах албан тушаалтны хувьд Жерри Уэст сагсан бөмбөгийн спортод гүн гүнзгий нөлөө үзүүлсэн” хэмээн Сагсан бөмбөгийн алдрын танхимаас гаргасан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Related news