ТӨВ: Хонийг нэг минутад ноослох технологи танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-14 08:23:03

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн инновацлаг тоног төхөөрөмж, технологи танилцуулах нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Баянчандмань суманд зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр хонийг түргэн хугацаанд ноослох явуулын үйлчилгээг сумын иргэдэд танилцуулсан юм.


Өдөрлөгөөр цахилгаан хайч, хонь угаах, ноосонд анхан шатны ангилалт хийх төхөөрөмж, цахилгаан хашаа зэрэг хөдөө аж ахуйн шинэ тоног төхөөрөмжүүдийг танилцуулав.


Энэ шинэ технологи нь нэг хүн өдөрт 300 хүртэлх хонийг ноослох боломжтой. Түүнчлэн ноосыг ангилах, ээмэглэх, угаах, ариутгах ажлыг хөнгөвчилж байгаа юм. 


Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, "Төв аймгийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн үндсэн бодлого нь малчид, тариаланчид, хоршоо, бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийг хөнгөвчилж, механикжуулах юм.  

Үүний хүрээнд “Шейр Монгол” ТББ, “Монпеллетс” Эрдэнэ суманд байдаг ноосон бордооны үйлдвэр, бусад хөрөнгө оруулагч, байгууллага хамтран уг ажлыг зохион байгуулж байна.

Хонь хяргадаг системийг 2023 оноос нэвтрүүлж, Эрдэнэ сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сургагч багш нараа бэлтгэсэн. Мөн эдгээр залуус сум сумандаа ажиллах, Шинэ Зеланд, Австрали улс руу сараар явж хонь хяргах ажлыг хийж байна.

Ингэснээр залуус өндөр өртөгтэй оронд ажиллаж, мөнгө хуримтлуулах боломж бий болж байгаа юм".


Энэ жил Эрдэнэ сумын МСҮТ, Баянчандмань, Зуунмод, Заамар сумдын Политехник коллежид машин, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн байна.  






Хонь ноослох “Явуулын баг” өдөрт 1000 хонь ноосолж, угаадаг байна.


 

Related news