ХӨВСГӨЛ: Алаг-Эрдэнэ суманд Зая бандида гэгээнтний бүтээсэн маанийн 6 үсэг бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Хөх чулуутын гол гэдэг газар Зая бандида гэгээнтний бүтээсэн маанийн 6 үсэг 300 гаруй жил болж байна.
Одоогоос 300 жилийн өмнө Зая бандида гэгээнтэн Хөвсгөл далайгаар аялаад буцаж явахад сүсэгтэн иргэд маш олноор адис жанлав хүртэж удаан хугацаагаар саатуулсан байна.
Энэ үед Зая бандида гэгээнтэн маш их ядарч туйлдаад хуран цугласан иргэдийг адисалбал олон хоног саатах тул хурдан явахын тулд цул өөхөн цагаан чулуугаар "Ум ма ни бад мэ хум" гэж 100 метрийн урттай, 2 метрийн өргөнтэй маанийн 6 үсгийг газар дэлхийн хөрсөнд номлон адисалсан байна.
Ингээд хуран цугларсан ард иргэдэд хандан "Миний эзгүйд энэхүү өлсөж доройтохоос хамгаалах өөхөн цагаан чулуу, заяа тавиланг тань гэгээрүүлэх маанийн зургаан бурханд сүсэглэн мөргөмүй" хэмээн айлдаад явсан гэдэг.
Түүнээс хойш нутгийн иргэд Зая бандида гэгээнтний бүтээсэн маанийн 6 үсэгт сүсэглэн залбирч ирсэн байна.
Тус маанийн үсэг олон зуун жил
өнгөрсөн учраас жаахан бүдгэрсэн боловч одоог хүртэл Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг дэвсгэр
Хөх чулуутын голын өвөрт байдаг.