Б.Амаржалгал: Чанартай гутал хийхэд материал, загвар хийцээс маш их хамаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-14 16:03:52
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дундговь аймагт 20 гаруй үйлдвэрлэгч гутал үйлдвэрлэж, байгаагийн дийлэнх нь Б.Амаржалгалын шавь. Тэрбээр 1987 онд 10 дугаар ангиа төгсөн гуталчин мэргэжил зэмшсэнээс хойш аймгийнхаа олон иргэнийг өөрийнхөө хийсэн гутлаар гоёж, Улаанбаатарт болон аймагтаа 60 гаруй шавь бэлтгэжээ.


-Таны хувьд их олон жил гутал хийж байна. Энэ мэргэжлийг хэзээ эзэмшиж, хэдэн жил үйлдвэрлэл эрхэлж байна вэ?

-Би 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд л гутал хийж эхэлсэн гэхээр 37 жил болж байна. Эхлээд тухайн үеийн Нийтийн ахуйн үйлчилгээний газрын гутлын цехэд ажилд ороод дараа нь Улаанбаатарын Гутлын үйлдвэрт 45 хоногийн сургалтад сууж,  гутал хийхийг стандартынх нь дагуу үйлдвэрлэж сурсан.

Курсээ төгсөөд 1995 оноос хувиараа үйлдвэрлэл эрхэлж байна. Жилд 400 гаруй гутал хийдэг.


-Танай гутлын онцлог, давуу тал юу вэ, хэрэглэгчдийн хүсэл сонирхлын талаар тодруулбал?

-Манай гутлын хувьд чанартай, хүний эрүүл мэндэд тустай, эко бүтээгдэхүүн. Цэвэр монгол арьсаар хийдэг болохоор чийг татахгүй, дулаан, хөлд зөөлөн, чанартай байдаг. Яг энэ чанараараа олны танил болсон. Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймаг,  манай 13 сумаас захиалга тогтмол ирдэг.


Хүн бүрийн хөлний хэмжээ өөр өөр. Булчингийн хэмжээ янз бүр байдаг учраас яг тэр онцлогт нь тохируулаад гутлаа хийдэг болохоор хэрэглэгчдийн сэтгэлд их нийцдэг.


Мэдээжийн хэрэг чанартай гутал хийнэ гэдэг материал, загвар хийцээс маш их хамаарна. 1992 онд гарсан гутлын стандарт байдаг. Би түүнийг л мөрдөж ажилладаг. Тийм болохоор хэрэглэгчдийнхээ сэтгэлд хүрдэг гэж бодож байна. Ялангуяа орон нутагт бие биеэ таньдаг, мэддэг учир хэрэглэгчдийнхээ итгэлийг алдах эрх байхгүй.


-Танай бүтээгдэхүүний хувьд ямар төрлийн гутал үйлдвэрлэдэг вэ?

-Хөдөө орон нутагт хэрэглэгчдийн маань дийлэнх нь малчид байдаг. Тэгэхээр хром, яалуу гутал түлхүү хийдэг. Сүүлийн үед хүннү загварын гутлын захиалга их ирж байгаа учраас гоёлын гутлууд хийж байна. Миний бүтээгдэхүүнээс загварын эрэгтэй, эмэгтэй гутал орон нутгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан. Энэ гутлын захиалга их ирдэг.


Түүнээс гадна энэ жил Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй хамтран хөлний бэрхшээлтэй хүмүүст зориулсан гутлуудыг захиалгаар хийж байна. Хөлний бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хөл нь урт, богино, шилбэ нь нарийн, бүдүүн байх гэх мэтчилэн ялгаатай байдаг учраас түүнийх нь онцлог, хэмжээнд тааруулан хийнэ гэсэн үг. Гутлаас гадна улавчууд бас хийдэг.


-Шавь нар бэлтгэж, гутал хийдэг хүмүүсийг бэлтгэдэг гэсэн. Олон шавьтай болсон уу?

-Ер нь бол 60 гаруй шавьтай болжээ. Улаанбаатараас 4, аймгийн 15 сумаас 20 шавь бэлтгэсэн. Мерси кор олон улсын байгууллагыг энд үйл ажиллагаа явуулж байх үед би зөвлөхөөр ажиллаж байсан. Сумдаар тойроод их удаан хугацаанд сургалт хийж явсан. Одоо шавь нар маань сум сумандаа үйлдвэрлэлээ явуулж байна.


-Орон нутагт үйлдвэрлэл явуулахад тулгамддаг ямар асуудал байна, хэрхэн шийдэх вэ?

-Ер нь бизнес эрхлэхэд тулгамддаг хамгийн нийтлэг асуудал бол санхүүгийн асуудал л байна даа. Бид нар зээл авах гэхээр барьцаа хөрөнгө байдаггүй, ажлын байргүй байна.


Нэг удаа хөнгөлөлттэй зээл авч, тоног төхөөрөмжөө сайжруулсан. Одоогоор оёдлын, арьс нимгэлдэг машин гээд 5 тоног төхөөрөмжтэй болсон. Бидэнд хамтран ажиллах, томрох, бүр үйлдвэр болох хэрэгцээ байна. Бид дамжлагаар ажилладаг болчихвол бүтээмж илүү болно. Тиймээс бид хамтрах л хэрэгтэй гэж боддог














Related news