БАЯН-ӨЛГИЙ: Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 991.4 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-06-14 16:55:09

Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны А/28 тоот тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Баян-Өлгий аймгийн үйлдвэр эрхлэгчдэд зориулж 1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр баталсан.


Жижиг, дунд үйлдвэрийн газраас үйлдвэр эрхлэгчдийн хөнгөлөлттэй зээл хүссэн хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдрөөс хоёрдугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авсан ба Баян-Өлгий аймгаас 3.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 27 төсөлд зээл авах хүсэлт гаргажээ. 


Ирсэн төслүүдэд Төсөл сонгон шалгаруулах дэд хорооноос нарийвчилсан үнэлгээ хийж, аймгийн Засаг даргын 2024 оны 470 дугаар захирамжаар сонгон шалгаруулалтаас хамгийн өндөр оноо авсан 6 аж ахуйн нэгжийн төсөлд эхний ээлжид 991 сая 416 мянган төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, "Баян сулу" компанийн хүнсний үйлдвэрийн төсөлд 293.8 сая, "Санди тис" компанийн хог хаягдал боловсруулах төсөлд 200 сая, "Тансаг холдинг" компанийн хүнсний үйлдвэрийн төсөлд 200 сая, "Сайра домбыра" компанийн модон эдлэлийн үйлдвэрийн төсөлд 98.5 сая, "Номад базаар" компанийн хүнсний үйлдвэрийн төсөлд 99 сая, "Серасадил" компанийн модон эдлэлийн үйлдвэрийн төсөлд 100 сая төгрөгийн зээл олгохоор болов.


Харин Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр үлдсэн тохиолдолд "Эйти Эйт Старз" компанийн хувцасны үйлдвэрийн төсөлд 99.5 сая, "Жиша" компанийн мал аж ахуйн чиглэлийн төсөлд 98.8 сая, нийтдээ 198.4 сая төгрөг олгохоор тусгасан байна.  


Ташрамд дурдахад, өнгөрсөн онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас тус аймгийн жижиг, дунд үйлдвэр үйлдвэр эрхлэгчдийн 10 төсөлд 1 тэрбум 71 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон юм.

Related news