ОХУ-аас 14, Беларусаас 11 тамирчин Олимпод оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-16 10:32:57

ЛОЗАНН, 2024 оны зургаадугаар сарын 16 /DW/. Олон улсын олимпын хороо (ОУОХ) Парист болох зуны Олимпын наадамд ОХУ-ын 14, Беларусийн 11 тамирчныг төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрчээ. Энэ тухай ОУОХ бямба гарагт мэдээлсэн байна. 


Эдгээр тамирчныг 2024 оны гуравдугаар сард байгуулагдсан тусгай комисс шалгажээ. Төвийг сахисан статустай өрсөлдөх тамирчдын эхний жагсаалтад Оросын арван бөх, гурван дугуйчин, батут дээр үсрэгч нэг тамирчны нэр багтжээ. Беларусь улсаас зургаан бөх, хоёр батутчин, хүнд атлетикийн хоёр тамирчин, нэг дугуйчин олимпод оролцоно.


Оросын 40 орчим тамирчин 2024 оны зуны Олимпын наадамд бие даасан статустай өрсөлдөж магадгүй гэж ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Жон Коутс өмнө нь мэдэгдэж байв.


2022 оны хоёрдугаар сард эхэлсэн Украины дайнтай холбогдуулан Орос, Беларусийн тамирчдыг Олимпод оролцох боломжийг ОУХО-ноос хязгаарласан юм. 2023 оны 12 дугаар сард тус хороо Орос, Беларусийн тамирчдыг зөвхөн спортын ганцаарчилсан төрлүүдэд /өөрийн улсын болон бусад улсын далбаан дор бус/ оролцохыг зөвшөөрсөн бол Орос, Беларусийн зэвсэгт хүчин, аюулгүй байдлын байгууллагуудтай ямар нэгэн байдлаар холбоотой, дайныг дэмжиж буй тамирчдыг Олимпын тоглолтод оролцохыг хоригложээ. 


Парисын Олимпын наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд, паралимп наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд тус тус болно.



Related news