ЕВРО-2024: Английн шигшээ Сербийн багийг хожжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-17 09:55:44

БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 17 /DW/. Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтод Английн шигшээ багийн хөлбөмбөгчид Сербийн багийг хожлоо.


Гельсенкирхен хотноо ням гарагт болсон С хэсгийн тоглолтод англичууд 1:0 тооны харьцаатай хожжээ. Английн шигшээ багийн хагас хамгаалагч Жуд Беллингем тоглолтын 13 дахь минутад гоолдсон байна. 


Английн багийн довтлогч Харри Кэйн гарааны бүрэлдэхүүнд талбайд гарснаар дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээнүүдэд тоглосон тоглолтынхоо тоогоор (23 тоглолт) нутаг нэгтнүүдийнхээ дунд дээд амжилтын эзэн болов. Өмнөх амжилтыг Эшли Коулд (22) эзэмшиж байсан юм.


Дараагийн тоглолтод Английн баг Данийн багтай, Сербийн баг Словенийн шигшээтэй учраа таарах бөгөөд тоглолтууд зургаадугаар сарын 20-нд болно. Данийн шигшээ багийн хувьд Словенийн багтай 1:1-ээр тэнцсэн юм. Багуудын тоглолт Штутгарт хотод болсон бөгөөд Данийн багаас Кристиан Эриксен (17 дахь минутад), Словенийн шигшээгээс Эрик Янжа (77 дахь минутад) нар гоолджээ. 


Ням гарагт Хамбург хотноо болсон D хэсгийн эхний тоглолтод Нидерландын шигшээ баг Польшийн багийг 2:1-ээр хожсон байна. 


Related news