ХӨВСГӨЛ: Тул, зэвэг, хадран загасны 230 000 жарамгай бойжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Тэнгис Шишхэд голын бэлчирт байгаль орчныг хамгаалах, загас үржүүлэх, загасчлах аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд жилд 400-500 мянган жарамгай үржүүлэх боломжтой лаборатори ашиглалтад оруулсан.
Энэ лабораторийг түшиглэн Хөдөө аж ахуйн их сургуулийн мэргэжлийн багш, судлаач нар загас үржүүлэх, технологийн ангийн оюутнуудын хамт Тэнгис Шишхэдийн бэлчрээс загасны эх сүргийг барьж тул, зэвэг, хадран загасыг зохиомол аргаар үржүүлж байна.
Зохиомол аргаар үржүүлсэн 230 000 түрсийг лабораторийн нөхцөлд бойжуулж байна.
“Монгол орны усны ай савд 79 зүйлийн загас тархсан байдаг. Дэлхийн байгаль хамгаалах холбооноос бүс нутгийн хэмжээнд байгаа загаснуудыг үнэлэхэд дөрөвний нэг нь ховордох, устах аюулд орсон учраас загасыг зохиомол аргаар үржүүлж, хамгаалах, нөхөн сэргээх нь чухал байна.
Ялангуяа цэнгэг усны зэвэг, хадран, тул загасыг үржүүлснээр тухайн голын сав газрын эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал ач холбогдолтой.
Тус төсөл 5 жил үргэлжилж тул, хадран, зэвэг загасны сургийн бүтцэд хүйсийн харьцаа тэнцвэрт байдалд орно.
Мөн загасчлах аялал жуулчлал хөгжих, загас үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж судалгаа явуулахад мэргэжлийн дагуу суралцаж буй оюутнуудад сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийх судалгааны таатай орчин бүрдэж байна” гэдгийг ХААИС-ийн МАА биотехнологийн багш О.Оюунтуяа ярилаа.
Тэнгисийн гол Монгол шарын даваанаас эх аваад Шишхэд голтой нийлдэг бөгөөд тул,
зэвэг, хадран загас амьдардаг.