СҮХБААТАР: Бага насны хүүхдэд зориулсан сувиллыг 4 дэх жилдээ ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-18 17:36:39

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Онцгой хяналтын суурь эмгэгтэй, дархлаа дутмагшилтай, өвчлөмтгий 2-5 насны хүүхдүүдийг хамруулдаг "Нархан" эмчилгээний сувиллын үйлчилгээг дөрөв дэх жилдээ явуулж байна.


 

Тус сувилал нь гурван ээлжээр нийт 150 хүүхдийг хамруулдаг. Өдрийн эмчилгээний таван удаагийн хоолтой. Сүү цагаан идээ болон нарийн ногоо голлосон аминдэм, эрдэс бодисоор баялаг сувиллын хоолнууд цэсэд нь багтсан. Үүнээс гадна иллэг шарлага, бариа засал болон ясны шөл, шар сүү, сүү, хар цайнд оруулах зэргээр эмийн бус уламжлалт эмчилгээнүүд хийдгээрээ онцлог.

 

Тусгай үйлчилгээ үзүүлж буйтай холбоотойгоор мэргэжлийн эмч, сувилагч, тогооч, багш нарыг ажиллуулдаг байна.


 

Баруун-Урт сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү сувиллыг ажиллуулдаг. Эцэг, эхчүүдийн хувьд бага насны хүүхдээ хамруулах идэвх сонирхол их байдгийн дээр эмчилгээний сувилалд хамрагдах нь олон талын ач холбогдолтойг хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ үйлчилгээ олны талархлыг хүлээдэг, уламжлалт ажил болоод байгаа юм.

 

"Нархан" сувилал аймгийн төвөөс 5 километрт, агропаркийн дэргэд байрладаг.

 

Related news