ТӨВ: Зуунмод суманд бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын инженерийн шугам сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд 84.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий суурь дэд бүтцийн ажлууд эхэлжээ.
Төв аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн А.Туяа, "Төв аймгийн Зуунмод суманд олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Тухайлбал, 5.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 4000 м.куб усан сан, усан хангамжийн шугам сүлжээ, 1,3-р станцын барилга, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил бүрэн дууссан. Ус хангамжийн эх үүсвэрийн өргөтгөл хийсэн.
18.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий цахилгаан хангамжийн 110 киловольтын дэд станц, шугам сүлжээний ажлын явц 90 хувьтай явж байгаа бөгөөд 10 дугаар сард ашиглалтад оруулах юм. Зуунмод сум өмнө нь цахилгааны техникийн нөхцөл олгож чадахгүй, цахилгааны хэрэглээ бүрэн хүчин чадалдаа тулсан байсан бол цахилгаан хангамжийн эх үүсвэрийн өргөтгөл хийснээр бүтээн байгуулалт хийх бололцоо нөхцөл бүрдэж байна.
Мөн 48.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 30 мегаваттын дулааны станц, 11.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Дулааны станцын 2-р хэлхээний шугам сүлжээний өргөтгөлийн ажил эхэлснээр 1960,1970 онд ашиглалтад орсон 50 жилийн насжилттай шугам сүлжээг шинэчилж байна.
Төвийн бүсийн 5 дахь эх үүсвэр болох 300 мВт-ын цахилгаан станц барих бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөлд манай аймгийн 14 сум, 3 багийн төв хамрагдаж 2023 онд Борнуур, Эрдэнэ, Баянчандмань, Сэргэлэн, Дэлгэрхаан, 2024 онд инженерийн шугам суурилуулах ажил Эрдэнэсант, Зуунмод сумын Баруун Зуунмод багт эхэлж байна.
2020-2024 онд Угтаалцайдам, Цээл, Заамар сумыг улсын чанартай автозамтай холбох 122 км автозамын барилгын ажил эхэлж ажлын явц 40 хувьтай байна.
Түүнчлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тээвэрлэлтийг дэмжих "Нутгийн зам" төслийн хүрээнд Аргалант сумын 8.5 км авто зам барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр манай аймгийн 17 сум улсын чанартай автозамтай хатуу хучилттай автозамаар холбогдох нөхцөл бүрдлээ.
2024 онд Баяндэлгэр сумын авто замын барилгын ажил эхэлж байна. Мөн Бүрэн, Баян-Өнжүүл, Баянцагаан сумын автозамын зураг төслийг боловсруулах ажил хийж байна. Бүс нутгийн аялал жуучлалын төв болсон Манзушир чиглэлийн 7,4 км, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал-Зуунмод хотыг холбосон 8.4 км автозамын барилгын ажил бүрэн дууссан" гэв.