Хурганы махны боловсруулалт, экспортын сүлжээг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-06-24 14:51:55

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Манай улс 2023 онд 80.4 мянган тонн мах экспортод гаргажээ. Энэ нь дээд амжилтад хүрч буй талаар ХХААХҮЯ мэдээллээ. Улмаар Монгол Улсаас булангийн орнууд руу халал аргаар бэлтгэсэн хонь, ямааны түүхий махны экспортлох тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байгааг мэдээлэв.


Махны экспорт дээр ХХААХҮЯ малчдын хурганы мах боловсруулах үйл ажиллагааг дэмжиж байна. Энэ үүднээс хонины махны үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан малчид болон мэргэжилтнүүд, бэлтгэн нийлүүлэгч зэрэг олон талын оролцогчдын түншлэлийн уулзалтыг зохион байгуулав.

Олон талын гэдэг нь уулзалтыг Даян Дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн Байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслөөс хамтран зохион байгуулсан юм.


Одоогоор салбарын яамтай 50 орчим аж ахуйн нэгж хонь, ямааны түүхий мах экспортлохоор бодлогын гэрээ байгуулаад байна. Манай улс Иран улс руу хурганы мах экспортолж байна.



Мөн Засгийн газраас өрнүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй холбогдуулан малчид хоршоогоор дамжуулан хурганы махны үнэ цэний сүлжээг хөгжүүлэх, хурганы махны боловсруулалт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ААН-тэй хамтран ажиллах суурийг тавих талаар хэлэлцлээ.

Энд малын бүртгэл, мөшгих тогтолцоо, мал эмнэлгийн хорио цээр, стандартын шаардлагыг хангуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн тусламжтайгаар хурганы махны үнэ цэний сүлжээг хөгжүүлэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд талууд хамтран ажиллах юм. 

Related news